Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дахь Алтан- Өлгийн оршуулгын газраас бусдад хорлогдож амиа алдсан нэгэн залуугийн цогцсыг өнгөрсөн лхагва гаригт цагдаагийнхан олжээ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхэд талийгаачийн гавал яс нь цөмөрч, тархи нь гоожсон, нүүрэндээ хүнд гэмтэл авч, хүн танихын аргагүй болсон, түүгээр зогсохгүй нохой зулгаасан байсан гэж эх сурвалж мэдээллээ.
Түүнийг хөнөөсөн хэрэгтнүүд гэдсэн дээр нь “Лалар” хэмээн цусаар нь бичсэн байжээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах болон Эрүүгийн тасгийн ажилтнууд ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран өдөр шөнөгүй ажилласны дүнд талийгаачийг хэн болохыг тогтоож, 48 цагийн дараа гэмт этгээдүүдийг саатуулсан байна. Талийгаачийг Н.Чинбат гэдэг 20 гарч яваа залуу гэнэ.
Тэрбээр Алтан-Өлгийн гудамжинд амьдардаг бол уг хэргийг үйлдсэн залуус түүний найз гэнэ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн харъяат Г.Шинэтулга, Н.Уугантулга нар үйлджээ. Тэд энэ сарын 8-ны шөнө хэрэг гарсан газрын ойролцоох дэлгүүрээс архи авч ууж, улмаар маргалдсан аж.
Хэрүүл нь зодоон болж Г.Шинэтулга, Н.Ууган тулга нар тоосго, чулуугаар толгой руу нь 20 орчим удаа цохиж хүнд гэмтээсэн гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээсэн гэнэ.
Г.Шинэтулга нь 1993 онд Улаанбаатар хотод төрсөн, эрхэлсэн тодорхой ажил сургуульгүй, Н.Уугантулга 1990 онд Хөвсгөл аймагт төрсөн, эксковаторын операторч мэргэжилтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй залуу гэнэ.
Тэд хэрэг үйлдсэнийхээ дараа Сонгинохайрхан дүүрэгт танилындаа нуугдсан байхад нь цагдаагийнхан олж саатуулжээ.