Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын төсөв санхүүтэй мэдээллийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодрууллаа.
Тэрбээр “2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа, Онцгойгийн ажилчдыг тээвэрлэх зардал ч орсон” гэлээ.
Наадам зохион байгуулахтай холбоотой зардлын тухайд:
Нийт зардлын
- 133.4 сая төгрөг буюу 4.5 хувь нь бай шагналын зардалд
- 987.7 сая төгрөг буюу 32.9 хувь нь урлаг, соёл, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд
- 492.8 сая төгрөг буюу 16.4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд
- 432.1 сая төгрөг буюу 14.4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд
- 341.9 сая төгрөг буюу 11.4 хувь нь хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардалд
- 612.0 сая төгрөг буюу 20.4 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд тус тус зарцуулахаар тооцсон байгаа.