Гадаадад нүүр тахалдаг “чөдрийн ганц” онгоцоо золигт гаргахаар бэлтгээд байгаа МИАТ компанийг тойрсон дуулиан тасрахгүй нь бололтой.
Тус компаниас нэг тэрбум төгрөг сох дутсаныг шинээр томилогдсон санхүүгийн нэг ажилтан нь илчилсэн юм байх. Тиймээс энэ их мөнгөний учрыг олуулахаар аудитын шалгалт оруулаад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус компанид Аудитын ерөнхий газрын ажилтнууд очиж санхүүг нь шалгаж эхэлсэн байна. Шалгалтын дүн гарахад дор хаяж сар гаруй болох гэнэ. Энэ их мөнгө хаачив, хэн нэгний халаасанд оров уу гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байгаа юм.
Бидэнд олдсон мэдээллээр тус компанийн өмнөх захирлууд балансдаа нэг тэрбум төгрөг илүү тусгаж дээш нь мэдээлсэн бололтой. Тэгээд ашигтай ажилласан хэмээн захирал, дарга нар нь өөрсдийгөө хэдэн зуун саяар шагначихсан байж болзошгүй гэнэ.