Үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулсан цогцолборын ойр орчимд жуулчин битүү холхино. Гадаадынхан түүхэн, дурсгалт хөшөө баримлын дэргэд өөрөг зургаа авч, хүүхэд, залуус музей, кинотеатр зэрэг үзвэр, үйлчилгээний газарт тухална. Үйлчилгээний газрын ажилтнууд боловсон, соёлч, шуурхай байдлаараа онцгойрох аж. Тус цогцолборын ариун цэврийн байгууламж, цахилгаан шат, эрчим хүч, халуун, хүйтэн усны эх үүсвэр зэргийг хөгжингүй улсуудын жишгээр байгальд ээлтэй технологиор шийджээ.
...Аливаа улс, хотод тухайн орны нүүр царай, өв уламжлал, түүх, соёлынх нь гэрч, бэлгэ тэмдэг болсон, жуулчдынх гэх тодотголтой гудамж, талбай байдаг...
Дэлхий нийтэд моод болоод буй “ногоон” барилгын шийдлээр дээвэр, тагт хэсэгт ногоон байгууламж бүхий цэцэрлэг байгуулсан нь хараа булаам болжээ. Гадаадынхан энэ хэсэгт усны хоржигнох чимээ сонсож, алжаал ядаргаагаа тайлахын зэрэгцээ үдийн зоог барина. Ажил хэргийн уулзалт, яриа хэлэлцээ ч өрнөж буй бололтой. Өдгөө нийслэлд хамгийн ихээр тулгамдсан автомашины зогсоол, ногоон байгууламжийн асуудлыг бүрэн шийдсэн нь гадаадын төдийгүй дотоодын жуулчид тус цогцолборыг зорих шалтгаан болжээ. Үр дүнд нь хотын аялал идэвхжиж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд таатай боломж бүрдсэн байна.
Энэ бол 1.4 сая хүн амтай, метрополис хэмээх ахадсан “титэмтэй” нийслэл Улаанбаатарт ойрын хугацаанд байгуулна гэж холбогдох байгууллагууд төлөвлөж буй Жуулчны гудамжны ирээдүйн төрх. Хотын дарга энэ онд А/520 дугаар захирамж гаргаж, нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх чиглэл өгсөн юм. Үүний дагуу нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Хот байгуулалт хөгжлийн газраас тус үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, зураг төслийн уралдааныг нээлттэй зарласан. Уралдаанд барилга, зураг төслийн мэргэжлийн байгууллагынхнаас гадна гадаадын орноос архитекторууд оролцож, нийт 28 бүтээл ирүүлснээс гурван багийн загварыг шилдгээр шалгаруулсан билээ.
Цогцолборын гол онцлог нь түүх, соёлын хэв шинж агуулсан, орчин үеийн өнгө төрхтэй, “ногоон” шийдэлтэй байх гэнэ. Архитектор залуусын гаргасан загвар, зураг төсөлд үндэслэн мэргэжлийн байгууллагууд Жуулчны гудамжны ирээдүйн төрхийг ийн (дээр дүрсэлсэнчлэн) гэрэл гэгээтэйгээр, нарийвчлан төсөөлж, төлөвлөөд буй ч энэ санаачилга бодит ажил болох, эсэх нь эргэлзээ дагуулж байна.
“Урт цагаан”-ыг дахин төлөвлөх болохоор л түүхийн үнэт, дурсгалтай барилга гэж хаацайлж, маргаан үүсгэдэг ч бодит байдалд тийм биш. Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн, өндөр насжилттай байгууламж гэж мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэсэн. “Урт цагаан”-ыг дахин төлөвлөхтэй холбоотой асуудал шийдвэр гаргах түвшинд дандаа замхардаг. Тэнд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн талд үйлчилж, хэргийг “унагадаг” шүүгч хүртэл байдаг” хэмээн мэдэгдэж, ус, цахилгааныг нь хязгаарлаж, тус газарт үйлчилгээ эрхлэх боломжгүй болгосноо хэвлэлийнхэнд мэдээлж, “Дахин шинэчлэх ажилд иргэд, олон нийтийн саналыг чухалчилна” гэж 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарласан нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Хот байгуулалт, хөгжлийн газрынхнаас өдгөө энэ ажлын явц ямар байгааг тодруулахад шийдтэй зүйл хэлсэнгүй. Товчхондоо бол “Урт цагаан”-ыг дахин төлөвлөж, шинэчлэх ажлын бодит байдал өдгөө яриа хэлэлцээнээс хэтрэхгүй байгаа аж.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “Уралдааны шалгарсан бүтээлийг холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг дахин хэлэлцэж, сонгон шалгаруулаад, дараа нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, батлуулна. Харин үүний дараа энэ ажлыг ямар үе шаттай хэрхэн зохион байгуулах чиг гарна. Одоогийн байдлаар албан ёсны шийдвэр гараагүй. Ямартай ч төсөв, санхүүгийн асуудлыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх бодлого баримталж буй” гэв.
“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөж, шинэчлэхтэй холбоотойгоор тэнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг нийслэлээс хэсэг хугацаанд зогсоосон. Гэвч үүнийг эсэргүүцсэн иргэд нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар түрээслэгчид албан ёсны шийдвэр гартал үйл ажиллагаа явуулах болжээ. Гэсэн ч тус төвийг ус, эрчим хүчээр хангадаг байгууллагууд тэднээс нүүр буруулсан гэнэ. Тодруулбал, МХЕГ-аас тус төвийн барилгыг өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн учраас холбогдох байгууллагууд ус, дулаанаар хангахаас татгалзсан гэнэ. Тиймээс иргэд мотор асаан, үйл ажиллагаа явуулахаас аргагүйд хүрчээ. Тус төвд үйлчилгээ эрхэлдэг иргэн Н.Дүгэрсүрэн “Урт цагаан”-ыг юу юугүй нурах дөхсөн, ноорхой барилга гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Хуучных учраас л ингэж ад үзэж байгаа хэрэг. Хятадууд барьсан чанартай барилга гэгддэг байсан шүү дээ. Эндхийн зарим нь нийслэлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд, өөр газарт байрлаж эхэлсэн. Бид яах вэ. Өндөр түрээс төлөх боломжгүй, холбогдох байгууллагуудтай ойлголцоогүй учраас эндээ л байна” хэмээн ярилаа.
Аливаа улс, хотод тухайн орны нүүр царай, өв уламжлал, түүх, соёлынх нь гэрч, бэлгэ тэмдэг болсон, жуулчдынх гэх тодотголтой гудамж, талбай байдаг. Жуулчин олноор төвлөрдөг, үйлчлүүлдэг учраас ийм газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж үзэж, тэр хэрээр ач холбогдол өгдөг. Аль өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг ийм газарт төвлөрүүлж, байгуулдаг жишигтэй. Гэвч манай Жуулчны гудамж энэ жишигт хүрэх нь байтугай хотын төвийн хамгийн цэгцгүй, үзэмжгүй газар гэж муугаар цоллуулдаг. Гадаадынхныг татах, нүдийг нь баясгах зүйл нэг ч үгүй. Жуулчдын наад захын хэрэгцээ болох тав тух, аюулгүй байдлын талаар бүр ч ярилтгүй. Худалдаа эрхлэгчид төвлөрдөг хар захаас ялгаагүй бодит байдалтайг олон хүн хэлдэг. “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах энэ тухай “Энэ газар Жуулчны гудамж гэж цоллуулснаас хойш цөөнгүй жил өнгөрлөө. Ашигтай байрлалтай учраас нэр нь тохирсон гэж зөвтгөж болно. Харин өнөөгийн дүр төрх нь тус газрыг жуулчных гэж онцлоход ер тохирохгүйг харуулдаг. Энэ гудамж нь Улсын их дэлгүүр, Дүрслэх урлагийн музей, Гандантэгчэнлин хийд гээд жуулчдын урсгалын уулзварт байрладгаараа л давуу талтай” хэмээн ярьж байв.
Улаанбаатарт хөл тавьсан аялагчдын олонх нь нийслэлийн Аялал жуулчлалын газрын харьяа Жуулчны мэдээллийн төвөөс хотын аяллын чиглэл бүхий газрын зураг авдаг. Тус зураг дахь “Tourist street” хэмээн тэмдэглэсэн чиглэл жуулчдын анхаарлыг хамгийн түрүүнд татах нь маргаангүй. Ийм зургийг хөтөч болгосон нэгэн америк эр Жуулчны гудамж, “Гутлын 22”-ыг хайж, “Бөмбөгөр”, “Тэнгис” кинотеатр орчмыг хэдэнтээ тойрч, мунгинасан тухай хөгтэй явдлыг Жуулчны мэдээллийн төвийнхөн ярьсан. Энэ бол Улаанбаатар хот жуулчны гэх тодотголтой гудамжаа өөд нь татаж, тордох цаг болсны дохио юм.
Жуулчны гудамжийг дахин төлөвлөж, шинэчлэх асуудал аль 2010 оноос эхтэй. Хотын удирдлага бүхэн энэ асуудлыг “барьж авдаг” гэхэд хилсдэхгүй. Гэвч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэл, маргаан, шүүх, хяналтын байгууллагын залхаан цээрлүүлэлт мэт сунжирсан байдал энэ ажлыг цалгардуулдаг “уламжлал” тогтсон. Энэ удаа ч яг л ийм жишгээр “явж” байна. “Хэрэв шүүх худалдаа эрхлэгчдийн талд шийдвэр гаргавал, та бүхний санаачилга замхрах уу” хэмээн Д.Рэнцэнбямба даргаас асуухад “Эцсийн шийдвэрийг шүүх л гаргана. Бид түүнийг дагана. Хэн нэгний алдаатай шийдвэрээс болоод иргэд амь, эрүүл мэндээрээ хохирохгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс бид Засгийн газар, шүүх, хяналтын гээд шат шатны байгууллагад энэ асуудлаар хандаж, бодит нөхцөл байдлыг нь танилцуулж, тайлбар өгч байгаа” хэмээв.
Төр, хувийн хэвшлийн маргааны үндэс болсон “Урт цагаан”-ы гудамж жуулчдынх болох уу, худалдаачдынх хэвээр үлдэх үү гэдгийг дахиад л шүүхэд даатгалаа.