Хотын иргэд ногоон байгууламждаа сэтгэл хангалуун бус байдаг. Арга ч үгүй юм. Өвөл нь утаагаар “угжуулж”, хавар, намартаа тоос шорооноос салдаггүй их хотын зундаа ногоордог хэдэн мод, зүлэг нь “уушги муутай” улаанбаатарчуудын хэрэглээг төдийлөн хангаж чаддаггүй учраас тэр. Эрс тэс, хуурай ширүүн уур амьсгалтай Монголд жилд дунджаар 16.9 мм хур тунадас унадгийг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хэлсэн. Долдугаар сарын ид борооны үеэр эл үзүүлэлт хамгийн ихдээ 57.3 мм-т хүрч байж. Ийм хэмжээний хур, чийгтэй оронд тарьсан мод, бут болгоныг арчилж, ургуулахаас өөр замгүй. Тэгвэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын ногоон байгууламж мэдэгдэхүйц нэмэгдэж буйг иргэд анзаарсан болов уу. Ялангуяа энэ онд олон газарт мод, бут, сөөг тарьж, бичил цэцэрлэг байгуулан, хотын өнгө үзэмжийг илтэд торджээ.
Саяхныг хүртэл зуны гуравхан сард хотын гудамж, талбайд цэцэг тарьж, гоёх нэрийдлээр их хэмжээний мөнгө “наранд хатаадаг” байсныг иргэд мартаагүй. Тэгвэл сүүлийн 2-3 жилд цэцгийн мандал байгуулахаасаа илүү олон наст мод, бут тарьдаг болсноор үл ялих салхинд шороо босдог байсан газрууд ногоорч эхэлжээ. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд найман чиглэлээр, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талбай болон нэг хүнд ногдох “хүчилтөрөгч”-ийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд 1000 ширхэг шилмүүст мод суулгана гэж төлөвлөсөн. Эдгээр нь ажил хэрэг болсон, эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (ЗАА)-ныхнаас тодруулсан юм.
Хаврын ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд ЗАА-наас нийтийн болон хязгаарлагдмал хэрэгцээний 18 байршлын 121 444 ширхэг навчит модны титмийг хэлбэржүүлж, илүү салаалсан болон ургацгийг цэвэрлэж, залуужуулах зорилгоор огтолсон гэнэ. Ногоон байгууламжийн тариалалт, арчилгаанд хөндлөнгийн хяналт тавих үүднээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулжээ. Ингэснээр Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт “Ногоон эко систем”, Чингэлтэй, Хан-Уулд “Эко ирээдүй мөнхийн хөгжил”, Баянгол, Сонгинохайрханд “Ногоон агула” төрийн бус байгууллагынхан хяналт тавьж буй аж. Тэдний ажлыг Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийнхэн долоо хоног бүр шалгаж, заавар, зөвлөгөө өгдөг болжээ.
Жил бүрийн дөрөв болон аравдугаар сард буюу хөрсний чийг 70 хувиас бага тохиолдолд ногоон байгууламжуудыг усалж, торддог. Үүний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/84 дүгээр тушаалын дагуу энэ онд найман байгууллагыг сонгон шалгаруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн болон хязгаарлагдмал хэрэгцээний 10 698 мод, сөөгийг услуулжээ. Намрын сүүлчийн цэнэг услагааг ч тэднээр хийлгэнэ гэсэн. Үүнээс гадна ногоон байгууламжийг хортон шавжаас хамгаалах, ус чийгийн алдагдлаас сэргийлэх зорилгоор 43 гудамж, цэцэрлэгийн 5831 улиасыг шохойдсон байна. Ургамлын өсөлтийн мөчлөгөөс хамаарч шаардлагатай эрдэс бодисоор дэмждэг бөгөөд шилжүүлэн суулгасан 8045 нарс, 10 410 гацуур, торхтой 114 гацуурыг борджээ. Түүнчлэн 17 байршилд шилжүүлэн суулгасан 1646 ширхэг нарсыг шим тэжээлээр хангах зорилгоор дуслын шингэн залгасан аж.
Ногоон байгууламжийг жил бүр иймэрхүү байдлаар арчилж, тордох юм байна. Харин одоо хэчнээн газар ямар ямар мод тарьж, суулгасныг хүргэе. Хотын гудамжаар “байрлуулсан” торхтой моддыг уншигчид анзаарсан нь лавтай. Нийслэлийн зургаан дүүргийн 67 байршил (хүснэгтэд үзүүлэв)-д 1200 торх гоёлын мод тарьсан нь энэ. Ингэхдээ нийтийн эзэмшлийн, дороо шугам сүлжээтэй, хатуу хучилттай зам, талбайг сонгон, гацуур, шинэс, агч, хус, хайлаас, гүйлс, голтбор, нохойн хошуу, монос, өрөл, долоогоно, даланхальс, боролзгоно, яргай, тэхийн шээг, тавилгана, тэсмэг зэрэг 18 төрлийн 4956 мод тарьсныг албаныхан хэлсэн.
Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 21 жил ажилласан Б.Чимид “Манай хот нүцгэн биш. 1990 онд буюу Улаанбаатарын хүн ам 600 000 байхад нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбай 10 ам метр байсан. Харин одоо 6.8 ам метр болж буурсан” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 1.3 сая хүнтэй манай хотын иргэдэд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигт хүрэхгүй ч тоо нь жил ирэх тусам нэмэгдэж буй гэнэ. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албаныхан энэ онд 13 байршилд ойн төгөл байгуулжээ Тодруулбал, Баянгол дүүргийн II хорооны нутаг Төмөр замын цэцэрлэгт гацуур 10, монос 20, даланхальс 70 ширхэг, Баянзүрхийн III хороо, Сансарын 55 дугаар байрны баруун талд шинэс 16, хус 76, гацуур 80, даланхальс 114, гүйлс 500 ширхгийг тарьжээ. Мөн тус дүүргийн VIII хороо, Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх 48 айлын орон сууцын урд гацуур дөрөв, даланхальс зургаа, монос хоёр, тэхийн шээг дөрөв, шар хуайс 30-ийг суулгасан байна. Чингэлтэйн IV хорооны нутаг, 17 дугаар байрны дунд голтбор 10, өрөл хоёр, шар хуайс 110 ширхгийг тус тус тарьсан аж.
Түүнчлэн сул хөрстэй газруудын судалгааг гарган, ногоон байгууламжийн нягтралыг сайжруулах зорилгоор дөрвөн дүүргийн 22 байршилд модлог ургамал тариалжээ. Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын болон БНЭУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Консерваторын өмнөх талбайд том оврын нарс 66, гацуур 113-ыг суулгасан байна. Ингэхдээ 1200 ширхэг боролзгоноор 376 метр урт ургамлан хашлага байгуулж, төмөр хашаагаар хамгаалсан байв. Дээрх байршлуудад эдгээрээс гадна тэхийн шээг, голтбор, монос, нохойн хошуу зэрэг 105 ширхэг гоёлын мод, бут суулган, 900 ам метр талбайг зүлэгжүүлсэн гэнэ. Мөн Эрхүүгийн гудамжинд том оврын нарс мод 42, 3-3.5 метр өндөртэй шинэс 110 ширхгийг тарьжээ. Үүнээс гадна хэд хэдэн газарт бичил цэцэрлэг, авто замын голын хэсгүүдэд ногоон байгууламж нэмсэн гэв. Тухайлбал, Монголбанкны замын эсрэг талд монос, даланхальс, голтбор, гацуур, хус, шинэс нийлсэн 44, Сөүлийн гудамжны голоор 61 нарс тарьсан аж. Ард Аюушийн гудамж, “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн хойд гэрлэн дохиотой уулзварын орчимд ч гүйлс 126, тэхийн шээг 250, нохойн хошуу 156 гэхчлэн 542 мод суулгасан байна.
Алтан өлгий дэх оршуулгын газрыг хайлаас, улиас нийлсэн 325 модоор ойжуулжээ. Далан давхрын оршуулгын газарт ч 200 улиас, 6000 хайлаас суулган, “Өлзий” төвийн уулзвараас Долоон буудлын автобусын эцсийн зогсоол хүртэл 1062 ширхэг улиас, шинэс тарьсныг Улаанбаатар хотын ЗАА-ныхан хэллээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг, 22-ын товчооны авто замын голын зурваст буйлс, шар хайлс тус бүр 1500, голтбор, хайтан тус бүр 500, Баянзүрх дүүргийн нутаг, Хүннүгийн гудамж, “Дүнжингарав” худалдааны төвийн зам дагуу 3264 ширхэг улиас тарьсан гэхчлэн дурдвал олон. Улаанбаатар хотын ЗАА-ны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат “2019 оны намрын тооллогоор нийслэлийн хэмжээнд 75 зүйлийн хоёр сая орчим мод, бут, сөөг ургаж байна. Энэ хавар 15 нэр, төрлийн 150 000 мод нэмж тарилаа. Ирэх намар ч төлөвлөгөөний дагуу тариалалт хийнэ. 2020 оныг “Нэг хот, нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбоотойгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлахад 11 тэрбум төгрөг төсөвлөсөн. Жил ирэх тусам ногоон байгууламж олширч байгаа учир санхүүжилтийг тогтмол нэмэх шаардлагатай. Гэвч өнгөрсөн онд ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, мод тарих ажилд 7.5 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Нийт төсвийн 60-70 хувийг арчилгаа, усалгаанд зарцуулдаг. Энэ жил нийслэлийн хэмжээнд 122 га талбайн ногоон байгууламжийг арчилж байна” гэлээ.