НҮБ-ын Аж үйлдвэрийн газраас манайд хог хаягдлаас үүдэх ил шаталтыг бууруулах төсөл хэрэгжүүлж буй. Байгаль орчинд халгүй, хөрсөнд бохирдол нэвчихгүй, олон улсын шаардлага хангасан, хог дарах бага оврын ландфилийн байгууламжийг төслийн хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт барьж байна. Уг ажлыг 2018 оноос эхлүүлсэн бөгөөд ирэх сард ашиглалтад оруулах болжээ. Ажлын явц өдгөө 90 хувьтай аж. Ландфилийн байгууламж нь хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалсан, зориулалтын давхарга, хамгаалалтын дэвсгэртэй. Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын үнсийг уг байгууламжид хүлээн авч, шигшиж бэлтгэн, барилгын материал үйлдвэрлэгчдэд нийлүүлэх гэнэ. Цаашид байгууламжийг шат дараатай өргөжүүлж, үнс боловсруулан барилгын материалын түүхий эдийн төв болгохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч