Б.БАЯРСАЙХАН (Баянгол дүүргийн IV хорооны иргэн):
-Нийслэлийн ЗДТГ-аас 10 000 программист бэлтгэх үнэ төлбөргүй сургалт явуулж буй юм билээ. Үүнд хэрхэн хамрагдах вэ. Бүртгүүлэх хүмүүст ямар нэгэн шалгуур тавьсан болов уу?
-Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, салбарын боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх зорилготой “10 000 программист” төслийг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, “Эмпасофт” академийнхан хамтран хэрэгжүүлж байна. Сургалтын үйл ажиллагааг манай академи зохион байгуулж буй. Төслийн хүрээнд 16-22 насныхныг мэдээллийн технологийн анхан болон ахисан түвшний үнэ төлбөргүй сургалтад хамруулах юм. Одоогоор 4000 гаруй хүн хамрагдах хүсэлт гаргасан. Үүнээс бид эхний ээлжид 500 оролцогчийг сургаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосон учир бүх оролцогчийг зэрэг сургах боломжгүй. Тиймээс сургалтаа шат дараатай явуулж байгаа. Ингэхдээ хорио цээрийн дэглэм баримталж, нэг ангид 10 суралцагчийг хичээллүүлж буй. МУИС-ийн багш нар хичээл зааж байна. Эхний 80 оролцогч энэ долоо хоногт сургалтаа дуусгаж, сертификат авна.
Оролцогчдыг цахимаар бүртгэж байгаа. Хэдэн ч хүн бүртгүүлж болно. Сургалтад хамрагдах хүмүүсийг сонгохдоо хамгийн түрүүнд хүсэл эрмэлзлийг нь харгалзах юм. Тиймээс оролцогчид бүртгүүлэхдээ яагаад энэ ажил мэргэжлийг сонгосон, цаашид ямар зорилго, төлөвлөгөөтэй зэргээ тодорхой бичихийг зөвлөе. Мэдээж олон хүн бүртгүүлсэн учраас оролцогчдоос шалгалт авч, сонгоно. Энэхүү сургалтыг хүүхдүүд ихэд сонирхож, бүртгүүлж байна. Цаашид бүртгэлийг зогсоохгүй, үргэлжлүүлнэ. Харин сургалтыг үе шаттай явуулна. Эхний 500 оролцогчийг гурван сар орчим сургана гэж тооцож байгаа. Амжилттай төгссөн оролцогч л сертификат авна.
Г.БИЛГҮҮН (“Эмпасофт” академийн бизнес хөгжил хариуцсан менежер)