Б.БАЯРМАА (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн):
-Улаанбаатар хот даяар улиасны унгирал тархаж, зарим газарт цас орсон мэт боллоо. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ. Өнгөрсөн жилүүдэд тайрч, “хөвөн”-гийн хэмжээг арай багасгасан шиг санагдаж байна.
-Гадна орчинд тархаж байгаа унгирлыг тусгай зориулалтын автомашинаар цэвэрлэж эхэлсэн. Ногоон байгууламжийг арчилж, тордох ажлын хүрээнд улиас моднуудыг даралттай усаар угааж, тусгай зориулалтын автомашинд байрлуулсан төхөөрөмжөөр шүрших зэрэг аргаар унгарил буюу молцгийг нь багасгадаг. Уг ажлыг тодорхой хуваарийн дагуу хотын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, дүүрэг бүрт тусгай зориулалтын автомашиныг хуваарийн дагуу ажиллуулж байна. Ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагынхан газар дээр нь ажиллан, хяналт тавьж буй.
Улиас модыг зөв хэлбэржүүлэх шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд 2017 оноос хойш улиас моддыг зөв хэлбэржүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Үүний хүрээнд төрийн байгууллагууд, яам, Тамгын газар, сургууль, цэцэрлэгийн хашаан дахь ногоон байгууламжийг хэлбэржүүлж, тэдгээрийн арчлалтыг хариуцдаг хүмүүст заавар, зөвлөмж өгдөг. Жилд дунджаар 250 000 орчим улиасыг хавар, намар бүр тогтмол хэлбэржүүлж байна. Унгирал нь улиас модны үр. Нэг ёсондоо модны үр хөврөл явагдаж байгаа хэрэг юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба