Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн үр шимд бий болсон кино урлагийн нэг төрөл бол анимэйшн. Гурван хэмжээст буюу компьютер графикийн тусламжтайгаар бүтдэг энэ төрлийн киног зөвхөн багачуудад зориулдаг гэж олонх хүн ойлгодог ч нийт үзэгчийнх нь 60 орчим хувийг өсвөр насныхан эзэлдэг аж. Дэлхийн орнууд анимэйшнийг өөрсдийн онцлогоор бүтээн, хөгжүүлж буй бол тэдгээрээс хамгийн алдартай нь Япон, АНУ-ынх аж. Монголд ч энэ төрлийн кино эрчимтэй хөгжиж, сонирхогч олширчээ. Цахимд хайлт хийсэн түлхүүр үг, газар зүйн байршил зэргийг харгалзан статистик гаргадаг “Google trends” вэб сайт монголчуудыг хамгийн их анимэйшн үздэг гэж “ховложээ”. Тодруулбал, иргэд нь анимэйшн хамгийн их үздэг 30 улсыг эрэмбэлэхэд Монгол тэргүүлж, Филиппин, Боливи, Вьетнам удаалжээ. Ташрамд өгүүлэхэд, Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний анимэйшн бол “Амжилт” студийн 2013 онд бүтээсэн “Мора”. Удаах нь “Ocean pictures” студийнхэн “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис хаан” юм.