Бразил улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 32 мянган тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны шинэчлэн боловсруулсан статистик мэдээллийн дагуу халдварын тоо өнөөдрийн байдлаар 739, 503 хүрч, 38 406 хүн нас баржээ. Мөн 390 033 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд нийт 311 064 хүн эдгэрсэн байна. Мэдээллийг шинэчлэхээс өмнө Бразилын Эрүүл мэндийн яам нь COVID-19 тархалтын тоо үзүүлэлтийн сайтыг өмнөх хувилбар руу нь оруулж эдгэрсэн хүний тоог л харуулах болсон бөгөөд энэ нь хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр хүчтэй шүүмжлэлд өртсөн аж. Бразилын Дээд шүүх Мягмар гарагт /2020.06.09/ тус улсын Эрүүл мэндийн яамыг коронавирусын тахал өвчний тоон баримтыг бүрэн эхээр нь нийтлэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Өмнө нь Бразилын Үндэсний конгресс тус улсын Засгийн газраас цар тахлын талаар гаргадаг албан ёсны мэдээллийг ашиглахаас татгалзсан юм. Түүнчлэн тус улсын Globo, Folha, Extra, Estadão, UOL зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн Эрүүл мэндийн яамны мэдээллийг ашиглахаас татгалзаж, тухайн бүс нутгийн сурвалжлагч, орон нутгийн засаг захиргааны байгууллагын мэдээлэлд үндэслэн өөрсдийн тоон үзүүлэлтээ гаргадаг болсон аж. Тэдний гаргасан тоо баримт Засгийн газрын өгч байгаа албан ёсны мэдээллээс халдвар авсан хүний тоо хэдэн мянгаар, нас барсан хүний тоо хэдэн зуугаар зөржээ. ДЭМБ болон Хопкинс их сургуулийн мэдээллээс үзвэл цар тахлын улмаас нас барсан хүний тоогоор Бразил улс дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.