Арван сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлж, хайрлан энхрийлж өсгөсөн үрээ санамсаргүй байдлаар, тэр тусмаа хэн нэгний буруутай үйлдлээс болж алдана гэдэг үгээр илэрхийлшгүй харуусал, уй гашуу. Гэтэл хэн нэгний хэнэггүй байдал, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бяцхан үрс эндсээр байна. Улаанбаатар хойч ирээдүйдээ хамгийн халгаатай хот болохоо хэдийн баталчихсан. Үүний тод жишээ нь тоглох газар хайж яваад усанд осолдсон дөрвөн хүү. Тэд амиа алдаад арван хэдхэн хонож байгаа ч энэ талаар дурсах эрх мэдэлтэн, дахин ийм осол гаргахгүйн төлөө ажиллаж буй албан байгууллага нэг ч алга. Энэ мэтчилэн харамсалтайгаар амиа алдсан олон хүүхдийг монголчууд мартаж орхисон. Бид угийн мартамхай улс.
Хүүхдийг уруу татах, муу зүйлд уриалсан олон газар байдаг хэрнээ хөгжүүлэх, чадваржуулах төв маш цөөн.
Хүүхдүүдээ тоглох талбайтай, хүсэл мөрөөдлөө биелүүлэх орчинтой, хүчирхийлэл, айдасгүй нийгэм, энд тэнд ёрдойсон төмөр, цахилгааны шалбарсан утасгүй ээлтэй орчныг бүрдүүлэх хүсэл улс орныг удирдан жолоодож буй эрх мэдэлтнүүдэд алга гэхэд буруудахгүй. Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдээ аливаа эрсдэлээс биеэ хамгаалах чадвартай, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чадамжтай болгон төлөвшүүлэхэд анхаарах цаг болжээ.
Зам, талбайгаа сайжруулж, ээлтэй орчин бүрдүүлж чаддаггүй юм гэхэд энэ зэргийн чадамжтай болгоход улс бодлогоор дэмжээд өгөөсэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг багаас нь бие даасан чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын гээд хамаарал бүхий салбарт нь бодлогоор ажил өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн өмнөх болон дараах боловсролын байгууллагаараа дамжуулан дадлага, туршилт хийлгэх замаар хүүхдийг аливаа эрсдэлээс биеэ хамгаалах чадвартай болгож хүмүүжүүлдэг.
УСАНД СЭЛЭЭД СУРЧИХСАН БОЛ...
Ингэж халагласан хүмүүсийн сэтгэгдэл тогтоол усанд амиа алдсан дөрвөн хүүхдийн талаарх сурвалжилга дор хөвөрнө. Хүүхдүүдийг багаас нь усанд сэлүүлж сургая, биеийн тамирын хичээлээр дамжуулан энэ спортын талаар ойлголт олгож, усан сангуудад үнэ төлбөргүй дадлага хийлгэх хэрэгтэй гэсэн санааг тусгасан байв. Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн хүү 10-15 настай. Юмны учир мэдэхгүй нялх бус, өсвөр насны хүүхдүүд учир сэлээд сурчихсан байсан бол гэсэн харамсал хэн хүнд төрсөн биз. Гэвч тэдний амьдарч байсан Дэнжийн мянга орчимд сэлж сурах нь бүү хэл, сагс тоглох ч олигтой талбай байдаггүй юм билээ. Орчин нөхцөл нь бүрдээгүй байхад тэд хаанаас сэлж сурах вэ. Хамгийн эмгэнэлтэй нь ах нь дүүгээ аврах гэж ороод хамт живсэн явдал. Эрүүл мэндийн хичээлээр нь живж буй хүнийг хэрхэн аврах, анхан шатны тусламж яаж үзүүлэх талаар заасан бол. Дахиад л ийм асуулт, харамсал.
Бид хүүхдүүддээ юу заадаг вэ. Ямар боловсрол олгож байна. Багш “дөрвөлжин” толгойтой бол чинийх ч бас тийм байх ёстой гэж л тулган шаарддаг шүү дээ, үнэндээ. Онц сур гэсэн хатуу шаардлага тавихаас илүү миний хүүхэд юу хийж чаддаг, ямар онцлогтой, чадвар, чадамж нь юу вэ гэдэгт анхаардаг бил үү. Усанд живж буй хүнийг хэрхэн аврах талаар нийслэлийн Аврах ангийн усчин аврагч, дэд ахлагч О.Ангарагаас асуухад “Хүйтэн усанд орсон хүний шөрмөс татсаны улмаас живдэг. Живж буй хүнийг аврах амаргүй. Хажуудах хүнээ доош нь татаад, дараад хамт эндэх аюултай. Тиймээс аль болох үснээс нь татаж гаргах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь сэлүүлж сургавал ядаж л амьсгалаа зөв хуваарилдаг болно. Тогтоол ус харахад гүехэн мэт боловч гүнзгий байдаг” гэв.
Гол, нуур ховортой газрын хүүхдүүд бол юун усанд сэлэх. Биеийн тамирын хичээлээр нь ч усанд сэлэх арга техник заадаггүй. Тийм боломж орон нутгийн бүү хэл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад ч бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Сургалтын төлбөр өндөртэй ганц, хоёр хувийн сургуульд л усан сан бий. Мөн усан сэлэлтийн багш бэлтгэдэг их, дээд сургууль манайд нэг ч байдаггүй. МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд ч энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэггүй бөгөөд усан сангуудад багшилж буй хүмүүс өөрийн сонирхлоор сурч, дараа нь багшлах эрхээ авдаг гэнэ. Улаанбаатар хотод олон нийтэд үйлчилдэг 30 гаруй усан сан бий. Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Завхан зэрэг аймагт усан сан байдаг. Эдгээрээс хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Усан спорт сургалтын төв. Гэвч бүх усан сан сургалтаа төлбөртэйгөөр явуулж буй. Энэ тухай Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах “Бид бүх нийтийг усанд сэлүүлж сургая гэсэн уриатай ажилладаг. Гэвч манай улсын хувьд нөхцөл боломж хомс. Монгол, Оросын хамтарсан III, мөн нийслэлийн 20, 33 дугаар сургуульд л усан сан бий. Нэмээд ганц, хоёр хувийн сургуульд байгаа. Хүүхдүүдийг багаас нь сэлж сургахад улс бодлогоор дэмжвэл бид хөтөлбөр боловсруулж, сургалтын төлбөрийг нь хөнгөлөх, урамшуулах зэргээр хамтарч ажиллах боломжтой” гэв. Дээр дурдсан усан сангуудын хүүхдэд үйлчлэх сарын төлбөр дунджаар 65-80 мянган төгрөг. Харамсалтай нь, хоногийн хоолоо яая гэж буй хүмүүс хүүхдээ төлбөртэй сургалтад суулгах нь юу л бол. Тиймээс эрсдэл, аюул гамшгаас ирээдүй хойчоо хамгаалах бодит сургалтуудыг боловсролын байгууллагаар нь дамжуулан хичээлийн хөтөлбөрт оруулъя.
ХИЛ ХЯЗГААРЫГ НЬ БАГААС НЬ ОЙЛГУУЛ
Хүн бүхэн математикч болох албагүй ч аав, ээж болдог гэсэн үг бий. Амьдралд ойр, аюул эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэх дадлыг цэцэрлэгээс нь олгож эхэлье. Шүд, гараа тогтмол сайн угаах, гутлаа зөв үдэх, гарцаар аюулгүй гарах, цаашлаад гал, усны гамшгийн үед ямар арга хэмжээ авах, ой мод, ууланд төөрвөл яах, осгох, хөлдөх, түлэгдэхээс хэрхэн сэргийлэх гээд эрсдэлтэй бүхнээс хамгаалах аргыг дадал болтол нь хэвшүүлмээр байна. Хоёрдугаар ангийн хүүхэд нь гутлаа үдэж сураагүй учир үдээстэй гуталнаас зайлсхийдэг тухай нэгэн танилаасаа сонссон юм. Эцэг, эхчүүд голдуу “Цэцэрлэгтээ ямар хоол идсэн бэ” гэж хүүхдээсээ асуудаг ч юу сурсныг нь сонирхдоггүй хэмээн нэгэн багш ярьсан. Ой гарантай хүүхдэд халуун зүйлд хүрч болохгүй “Ёо ёо болно” гээд заагаад өгчихөд дахиж түүнд хүрдэггүй. Тэд багаасаа маш олон зүйлийг сурах чадамжтай байдаг. Эцэг, эх болон мэргэжилтнүүд энэ давуу талыг нь ашиглан, олон зүйл зааж сургах боломжтой юм. Энэ чиглэлээр улсынхаас илүү төрийн бус байгууллагууд багагүй ажил хийж буй.
Үүний нэг нь “Хүүхдийн боловсролын хүрээлэн” ТББ. Уг байгууллагын сургагч багш М.Оюунболор “Нийгмийн асуудлыг өөрийн мэтээр харах хэрэгтэй. Тохиолдож болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар өнөөдөр би хүүхдэдээ юу заадаг билээ. “Битгий, боль, болохгүй” гэж хорихоос өөрөөр чухам юу хийж байна. Мэдээж бүх эрсдэлээс хүүхдээ хамгаалж чадахгүй ч тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой. Японд газар хөдөлсөн үед ямар үйлдэл хийх ёстойг цэцэрлэгийн наснаас нь эхлэн заадаг. Европын орнуудад ч мөн адил сургуулийн өмнөх насныханд биеэ хэрхэн хамгаалахыг, аюулд өртсөн үедээ хашхирч тусламж гуйхыг дадлагажуулдаг. Ахуйн болон гэнэтийн ослоос хэрхэн сэргийлэх, яаж даван гарахыг хүүхдүүддээ заах хэрэгтэйг олон бяцхан зүрх сануулсаар буцлаа шүү дээ. Эрт цагаас өвөг дээдэс минь үр хүүхдээ дэргэдээ дагуулж, гэр орон, мал ахуйн ажилд сургадаг байж. Харин энэ цагт эцэг, эхчүүд бид үр хүүхдээ гэрт нь ганцааранг орхиод өдөр шөнөгүй ажиллаж, тэдэнтэйгээ өнгөрүүлэх цаг бага, сатааруулж саатуулахын тулд дэлгэцээс өөр юу санал болгож байна вэ. Хүүхдийн хүмүүжлийн сургалт гэхээр зөвхөн гар хүрэх, эсэхийн талаар биш. Тулгарч буй бэрхшээлээр нь дамжуулан тэдэнд хэрэгтэй ур чадвар, зан чанарт сургах тухай юм.
Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлснээр нас биед хүрэхдээ сэтгэл зүй, оюун санаагаараа ч том болсон байдаг. Хэт чанга, өөрийн дураар хөдөлгөж, захиргааддаг, нөгөөтээгүүр, бүх зүйлийг өмнүүр нь орж хийн морь, нохой мэт зүтгэдэг аав, ээжүүдийн хүүхдүүд хүний гар харсан, шийдвэр гаргах чадваргүй нэгэн болдог гэсэн судалгаа бий” гэж ярив. Мөн 5-14 настай дөрвөн хүүхдийн ээж Ж.Хонгорзул “Гэрээс гараад л аюул эрсдэлтэй нүүр тулж байна. Энд, тэнд сэрдийсэн төмөр, эвдэрч хагарсан зам, хурд хэтрүүлсэн жолооч, согтуу хүмүүс, ухсан нүх гээд хүүхэд тоглох, явах зам, талбай үнэндээ байдаггүй. Хэдэн жилийн өмнө манай хүүхдийн сурдаг сургуулийн нэг охиныг хичээлээ тарж явахад нь хулгайлсан хэрэг гарсан. Охин спортоор хичээллэдэг байсан тулдаа хулгайчаас зугтаж чадсан гэсэн. Энэ тухай сонсоод хүүхдээ бие хамгаалах урлагаар хичээллүүлэхээр шийдсэн. Зодолдож сургахдаа биш, биеэ хамгаалах наад захын арга техниктэй болгох гэсэндээ тэр. Бас өсвөр насны хүүгийн минь сургуульд явдаг замд нь гэхэд л насанд хүрэгчдэд зориулсан хоёр ч дэлгүүр байна.
Хүүхдийг уруу татах, муу зүйлд уриалсан олон газар байдаг хэрнээ хөгжүүлэх, чадваржуулах төв маш цөөн. Тиймээс бид хүүхдүүдээ дагуулаад хөдөө их явдаг. Тэнд л аюулгүй орчин бий” хэмээн өгүүлэв. Үнэхээр түүний хэлснээр хөдөө цэвэр агаартай, машин тэрэг холхихгүй гээд эрсдэл бага. Гэхдээ орон нутагт амьдардаг бага насны охидууд хүчирхийлэлд өртөх нь түгээмэл гэдэг. Тэд бүрэг ичимхий зангаасаа болж бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө аав, ээж, ойр дотнын хүмүүстээ бараг хэлдэггүй байна. Тиймээс хэн нэгэн биеийнх нь аль хэсэгт хүрч болох, үгүйг эрэгтэй, эмэгтэй байхаас үл шалтгаалан хүүхдэдээ сайтар хэлж, ойлгуулах хэрэгтэй гэнэ. Энэ хил хязгаарыг мэдэхгүйгээс бэлгийн хүчирхийлэлд өртөж буй, эсэхээ ч ойлгохгүй явдаг хүүхэд цөөнгүйг эмч, сэтгэлзүйчид хэлдэг. Гудамж, талбайд явж байхад нь хэн нэгэн биеийнх нь эмзэг хэсэгт хүрэхэд чанга хашхирах, бусдаас тусламж хүсэх нь хүчирхийллийн золиос болохоос сэргийлэхэд нэмэртэй. Гэтэл ийм бусармаг явдлыг нуун дарагдуулсаар олон жилийн турш хүчирхийлэлд өртөж, хүсээгүй хүүхдээ гаргасан өсвөр насны ээжүүд ч цөөнгүй байгааг энэ чиглэлээр ажилладаг байгууллагын мэргэжилтнүүд ярьж буй.
Мөн хүүхдийг чадвартай, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд нас насанд нь тохирсон ажил хийлгэж, урамшуулах арга чухал. Ялангуяа охидоор хөвгүүдийн ажлыг бүү хийлгэ гэж сэтгэлзүйч зөвлөсөн. Ус зөөх, түлээ хагалах зэрэг хүчний ажил багаасаа хийж өссөн охин том болоод гэрт орж эм, гадаа гарч эр болох нь түгээмэл гэнэ. Ингэснээр гэр бүл болсны дараа эр нөхрийнхөө урдуур орж, хийх ёстой ажлыг нь гүйцэтгэснээр өрхийн тэргүүнийг үүрэг хариуцлагагүй нэгэн болоход нөлөөлдөг байна. Гэртээ, үр хүүхдэдээ нөлөөгүй, хариуцлагагүй эр хүн аажимдаа архинд орох тохиолдол цөөнгүйг баталсан жишээ амьдралд олон. Тиймээс хүүхдийнхээ хүйсийн онцлогт тохируулан үүрэг, хариуцлагыг багаас нь ойлгуулах нь чухал. Энэ мэт амьдрах арга ухаан сургахын хажуугаар аливаа эрсдэлээс биеэ хамгаалах чадамж, чадвартай болгоход анхаарахгүй бол аюул биднийг байнга отсоор байна.
Хуй салхи, цунами, газар хүчтэй хөдлөх зэрэг байгалийн гамшиг төдийлөн болдоггүй учраас бусад улстай харьцуулахад Монгол орныг амар тайван, аюулгүй гэж үздэг. Гэвч үнэндээ иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хэнэггүй зангийн балгаар бяцхан үрс хоногт хэдэн арваараа гэмтэж, бэртэн, цаг бусаар хорвоог орхисоор. Согтуугаар жолоо барьж яваад нялх үрсийг гэмтээсэн, хамгаалах бүс зүүлгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг, өндрөөс унагадаг, халуун хоол, цайнд түлдэг гээд дурдаад байвал барагдахгүй.
Жил бүрийн гуравдугаар сард орон даяар гамшгаас хамгаалах дуут дохио ажиллуулж, бэлтгэл сургуулилалт хийдэг. Газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх дуут дохио хангинахад бидний олонх нь “Япон биш, хэзээ л газар хөдлөв гэж” гэх мэтээр үл ойшоож, төвөгшөөдөг нь нууц биш. Хэлж ирдэггүй гамшгийг энэ мэтээр байнга сануулж, аюулын үед ямар арга хэмжээ авах хэрэгтэйг иргэдэд дадал болтол нь сайтар ойлгуулах нь чухал болохыг онцгой байдлынхан хэлдэг. Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг 2016 онд байгуулсан. Тус төвд одоогийн байдлаар 80 мянга гаруй хүн хандаж, газар хөдлөлт, анхан шатны тусламж, утаат орчинд хэрхэн ажиллах талаар заавар, зөвлөгөө авчээ. Тэдний цөөнгүй нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Ийм төвтэй болсон нь сайн ч эрсдэлээс сэргийлэх мэдлэг, чадамжтай болгоход нэг удаагийн сургалт бус, насан туршийн боловсрол олгох хэрэгтэй байна. Аюултай хотод амьдарч буй үр хүүхдүүдээ сүүдэр мэт дагаж чадахгүйгээс хойш, биеэ хамгаалах чадвар, эрсдэлийг давах чадамжтай болгохын төлөө хичээцгээе.