Ухань хотод коронавирус 2019 оны наймдугаар сард тархаж эхэлсэн гэдгийг тус хотыг хиймэл дагуулаас авсан зургууд болон интернет хайлтын чиг хандлага баталж байна гэсэн дүгнэлтэд АНУ-ын эрдэмтэд хүрчээ. Харвардын анагаахын сургууль, Бостоны эрүүл мэндийн их сургууль, Бостоны хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд 2018 оны 1- сарын 8-аас 2020 оны 4-р сарын 30-ны хоорондох үеийн Ухань хотын томоохон эмнэлгүүдийн машины зогсоолын гэрэл зургуудад ажиглалт хийжээ. Тэдгээр гэрэл зургуудаас харахад 2019 оны 8-р сараас эхлэн эмнэлгийн зогсоолууд дээрх машины тоо эрс нэмэгдсэн бөгөөд 2019 оны 12-р сард хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Үүнээс гадна Хятадад шинэ төрлийн вирус дэгдсэн тухай албан ёсоор мэдэгдэхээс гурван долоо хоногийн өмнө хүмүүс Хятадын Baidu хайлтын системд “ханиалга”, “суулгалт” гэсэн түлхүүр үгээр мэдээлэл хайх нь эрс ихэссэн байжээ. Бостоны хүүхдийн эмнэлгийн захирал Жон Браунштейний үзэж байгаагаар эдгээр мэдээллүүд нь Хятадын өмнөд хэсэгт вирус байгалийн жамаар үүсэж, Уханьд дэгдэх үед бусад бүс нутагт тархаж байсан гэдгийг баталж байгаа аж. Хятадын эрх баригчид коронавирусийн анхны тохиолдол өнгөрсөн оны 12-р сарын 31-нд Ухань хотод бүртгэгдсэн гэж албан ёсоор мэдэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 7193784 хүн коронавирусээр халдварлаж 408,625 хүн нас баржээ.