БНАСАУ-ыг эрх баригчид энэ сарын 9-с эхлэн БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хааж байгаа тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. “Энэ алхам нь Өмнөд Солонгостой холбогдох бүх боломжит аргуудыг устгах шаардлагагүй үйлдлүүдийг зогсоох шийдвэрийн жагсаалтын эхнийх болно” гэж мэдээнд дурдсан байна. Тус агентлагийн мэдээлж бугаар бол хоёр улсын хоорондох утасны бүх шугамыг Мягмар гарагт орон нутгийн цагаар 12:00 цагаас эхэлж хаах аж. "Манай тал 2020 оны 6-р сарын 9-ний өдрийн 12 цагаас эхлэн Солонгос хоорондын харилцаа холбооны газраар дамжуулан тогтоосон Умард болон Өмнөд Солонгосын эрх баригчдын хоорондын, түүний дотор Зүүн, Баруун тэнгисийн бүс нутгийн Умард болон Өмнөдийн цэргийн харилцаа холбооны, түүнчлэн Солонгосын хөдөлмөрийн намын Төв Хорооны байр болон Чонвандэ ордны (БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон) шууд шугамыг бүрэн салгалаа” гэж мэдээнд бичжээ. Уг шийдвэрийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чхоль, тус намын хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон нарын оролцсон зөвлөгөөний үеэр гаргажээ. “Өмнөдтэй хийж буй ажил дайсны эсрэг тэмцэл болж хувирах ёстой” тэд хурлын явцад мэдэгдсэн байна. “Тэд урвагчид, хууран мэхлэгчдээр гэмт хэрэг хийснийх нь төлөөсийг төлүүлэхийн тулд дайснуудын эсрэг хэрэгжүүлэх үе шаттай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Эхний алхам болгож Умард, Өмнөд хоёрын харилцааны бүх шугамыг бүрэн салгах шийдвэр гаргав” гэж мэдээнд тэмдэглэжээ. Өмнө нь буюу энэ сарын 5-нд Умард Солонгос өмнөд хөршийн зүгээс хил дамнуулан ухуулах хуудсуудыг илгээсний хариуд Солонгос хоорондын харилцаа холбооны газрыг хаах асуудлыг хэлэлцэх болсон тухайгаа мэдэгдсэн юм. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам орон нутгийн олон нийтийн байгууллагуудыг БНАСАУ-руу ухуулах хуудас хил дамнуулан илгээхээ зогсоохыг уриалж, ийм үйлдлийг хууль ёсны дагуу хориглохоо амласан аж. Солонгос хоорондын харилцаа холбооны алба 2018 оны 9-р сард БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байрладаг хийлийн Кесон гэдэг газар нээгджээ. Тус албаны үйл ажиллагаа нь хоёр улсын хооронд тогтмол холбоо тогтоож, мэдээлэл солилцоход чиглэгддэг байжээ.