“Өнөр бүл” хүүхэд асрамжийн төвд харьяалагддаг байсан сэтгэцийн эмгэгтэй 18 настай Баянаа (нэрийг нь өөрчлөв) 10-тай хүүг зодож, хөлийг нь гэмтээчихэж. Багш нар хүүг эмнэлэгт үзүүлж, хоёр удаа мэс засал хийлгэсэн ч одоо тэрбээр хазгар болжээ. Нэг ташаандаа ачаалал өгч явсаар эрүүл түнх нь ч “идэгдэх” болсныг багш нь зовнингуй хэлээд “Түнх нь хугарч гэмтсэн хүмүүст зориулсан өсгийтэй гутал байдаг. Түүнийг нь авч өгөхгүй бол хэцүүдэх нь” гэв.
Асрамжийн газарт хүмүүждэг бусад хүүхдийн л адил насанд хүрүүтээ л “Өнөр бүл”-ээс явах сонголттой нүүр тулсан Баянаад очих газар, “Нааш ир” гэж өөриймсөх ойр дотнынхон байгаагүй учир тэнд нь хэсэг амьдруулжээ. Гэвч тэр өөрөөсөө дүү хүүхдүүдийг зодож гэмтээсэн учраас багш нар нь арга буюу явуулсан аж. Тус төвийнхөн СЭМҮТ, Ахмадын асрамжийн газар гээд хэд хэдэн байгууллагад хандсан ч нааштай хариу өгөөгүй байна. Харин одоо тэр гадуур сэлгүүцэн яваа. Машин угаалгын газарт ажиллаж, таарсан газраа хоног төөрүүлж буй гэх.
Баянаа шиг ийм эмгэнэлтэй тавилантай, төрүүлсэн эцэг, эхдээ гологдсон хүүхэд олон бий. “Өнөр бүл” төвд одоо байгаа 184 хүүхдийн 30 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй, 15 нь тусгай асаргаа шаарддаг гэнэ. Тэдгээр хүүхдийг насанд хүрсэн гээд “хөөгөөд” явуулчихдаг халгаатай тогтолцоог өөрчилж, нийгмийн асуудлыг нь шийдэхийн тулд “Өнөр бүл” төвийнхөн сэтгэцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж, халамжийн төв барихаар эртнээс төлөвлөсөн байж. Гэвч санхүүгийн бэрхшээлээс болоод хэрэгжүүлж чадалгүй өдий хүрчээ. Харин одоо төв байгуулахаар төлөвлөсөн газраа бусдад алдахдаа тулсныг “Өнөр бүл”-ийн ерөнхий захирал М.Өнөрчимэг хэллээ.
Тэрбээр “Одоо маргаан дагуулаад буй газрыг 1982 онд “Өнөр бүл” төвд хүнсний ногоо хадгалах зоорийн зориулалтаар хүлээлгэж өгсөн юм. Манайх бас бус зүйлээ тэнд хадгалдаг байлаа. Элэгдэлд орсон учраас энэ газар нэг хэсэг эзэнгүйдсэн ч манай өмчлөлийнх, жил бүрийн тооллого, бүртгэлд албан ёсоор оруулдаг байсан. Өмнөх дарга Б.Бурмаа энэ газарт Хүүхэд хөгжлийн төв байгуулъя гэдэг санаачилга 2013 онд гаргасан. Энэ дагуу кадастрын зургийг нь гаргуулаад, газрын гэрчилгээ авахаар дүүрэгтээ хандтал “Танай энэ газарт 17 дугаар хорооны цэцэрлэг барина” гэсэн. Энэ үеэс л газрын маргаан эхэлсэн юм. Бид газраа авч үлдэхийн тулд холбогдох бүх байгууллага, шүүхэд хүртэл хандлаа. 2016 онд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Ашиг сонирхлын давуу байдал “Өнөр бүл” төвд байна. Энэ газрыг эзэмших хүсэлтийг анхлан тус төв гаргасан. Тиймээс “Өнөр бүл”-ийн ашиг сонирхлыг хүндэтгэн үзээд, гаргасан захиргааны актаа эргэн харж шийдвэрлэ, хоорондоо зөвшилц” гэсэн. Хуулиар олгосон 90 хоногийн хугацаанд хоёр тал зөвшилцөж чадаагүй учир асуудал шийдэгдээгүй. Ингэж явсаар 2018 оноос Т.Баясах Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэх болсон. “Энэ газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина. “Өнөр бүл” төвд хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд байдаг. Энэ дунд насанд хүрээд очих газаргүй, эсвэл бусдадаа эрсдэл учруулдаг хүүхдүүд бий. Тэднийг асран хамгаалах тусгай төв барих зайлшгүй шаардлагатай. Газрын асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн саналаа түүнд хүргүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй хэрнээ манай газрыг авах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд холбогдох хүмүүс нь гаргалаа. Бид нийслэлийн Засаг даргад дахин хүсэлт гаргаж, хуулийн дагуу шийдүүлнэ” гэв.
Найман жил гаруйн хугацаанд “Өнөр бүл” төвийнхөн ХНХЯ, МХЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн ЗДТГ гээд зохих шатны бүх байгууллагад ханджээ. Үүнийг нь гэрчлэх хавтас дүүрэн баримтыг М.Өнөрчимэг захирал үзүүллээ. Ганцхан жишээ татахад, 2015 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар (тухайн үеийн)-аас “Өнөр бүл”-д ирүүлсэн лавлагаа мэдээлэлд “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах 5 145 043 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий зоорь нь танай байгууллагын буюу хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн балансад бүртгэлтэй байна” гэжээ.
Маргаан дагуулаад буй 2200 ам метр талбай бүхий газарт очиход “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байгуулах 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэсэн бичигтэй самбар байрлуулсан байв. Хөрөнгө оруулагч нь НҮБ-ын Хүүхдийн сан, захиалагч нь Банзүрх дүүргийн ЗДТГ, гүйцэтгэгч “Жинсийн орой” компани, барилгыг ашиглалтад оруулах хугацаа 2020 оны есдүгээр сарын 1 гэжээ.
“Өнөр бүл” төвд амьдарч, хүмүүжээд гарсан 500 гаруй залуу бий. Тэд хамтраад “Ах, эгч, дүүсийн холбоо” байгуулжээ. Тус холбооны тэргүүн Б.Анхбаяр “Би асрамжийн газарт 1978-1994 он хүртэл сурч хүмүүжсэн. Тэндээс явсныхаа дараа асар олон бэрхшээл тууллаа. Үе тэнгийнхэн, ах, эгч нараа гудамжинд гарахыг харсан. Эрэгтэй хүүхэд яах вэ, орцонд амьдраад хоёр жилийг барчихна гэж бодъё. Эмэгтэй хүүхэд яах ёстой вэ. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүд хаачих вэ. Асрах газраас гарсан олон хүүхэд ор сураггүй болохыг би харсан. Дүү нар минь миний туулсан амьдралыг битгий үзээсэй гэсэндээ би өнөөдөр энэ газрыг авч үлдэхийн төлөө явж байна. Энэ бол дээрэм. “Өнөр бүл” бол улсын харьяа асрамжийн ганц газар. Бусад нь халамжийн, эсвэл олон улсын байгууллагынх. Улс хүүхдүүдийнхээ амьдрах газрыг шийдэж чадахгүй байгаа нь эмгэнэл” гэв.
“Өнөр бүл” төвийн багш М.Отгонбат “Хүүхдүүдийг хоёр, гурваар нь тусгаарлаж хашдаг байр барих гээгүй. Сэргээн засах үйлчилгээтэй, Хүүхэд хөгжлийн цогц төв барихаар төлөвлөсөн. Бид хувийн эрх ашгаа яриагүй. Энэ бол харж хандах хүнгүй, ээж, аавдаа гологдсон, төрөөр овоглодог өнчин хүүхдүүдийн ирээдүйд хамаатай асуудал” хэмээсэн юм.
“Өнөр бүл” төвийнхөн газрын асуудлаараа Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад удаа дараа хандсан ч ямар нэг хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Энэ бүхний учрыг тодруулахаар Т.Баясахтай холбогдоход “Тийм зүйл огт байхгүй. Цэцэрлэггүй хороог цэцэрлэгтэй болгох гэж олон жил хөөцөлдсөний эцэст санхүүжилтийг нь шийдүүллээ. Ямар ч хууль бус зүйл байхгүй” гэв.
Тэрбээр яг энэ асуудлаар нэгэн сайтын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Тэр газар анхнаасаа аль нэг байгууллагын эзэмшилд байгаагүй. Харин 2013 онд дүүргийн Засаг дарга тэнд хүүхдийн цэцэрлэг барих захирамж гаргасан. Гэвч “Өнөр бүл” төвийнхөн маргаан үүсгэж, шүүхэд хандсан. Шүүх 2016 онд шийдвэр гаргахдаа “ЗДТГ-т 2262 ам метр газрыг бүхэлд нь өгөх боломжгүй. Тиймээс Газрын тухай хуулиа үзэж нягтлаад, захиргааны актыг дахиж гарга гэсэн. Өөрөөр хэлбэл, газрын гэрчилгээг дахиж үйлд гэсэн юм. Тэр дагуу манай Тамгын газрынхан ярилцаж зөвшилцөөд, дүүргийн ЗДТГ-т 1000 ам метрийг нь эзэмшүүлэхээр болсон. 2017 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан л даа. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд гурван цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Хоёрынх нь барилгын ажил жигдэрч, гурав дахийг нь 17 дугаар хороонд барихаар болсон юм. Учир нь, манай дүүрэгт цэцэрлэггүй хоёр хороо байдгийн нэг нь 17 дугаар хороо. Ингээд цэцэрлэг барих хөрөнгийг нь шийдээд тендер зарлаад, гүйцэтгэгч нь тодорхой болчихоод байгаа нь энэ” хэмээн ярьжээ. Тэрбээр хууль бус зүйл ер байхгүй гэж бидэнд ч, сайтад өгсөн ярилцлагадаа ч онцолсон атлаа сүүлд нь утсаар холбогдоход “Одоохондоо энэ талаар бичихгүй байсан нь дээр болов уу. Удахгүй зарим шийдвэр гараад, тодорхой болчих юм байна” хэмээн нэмэлт тайлбар хэлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны зургадугаар сарын 1-нд төвийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа “Сэтгэцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан асрамж, халамжийн төв барихыг дэмжиж, шаардлагатай хөрөнгийг нь шийдэж өг” гэсэн үүрэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Сангийн сайдад өгснийг тус төвийн багш, ажилтнууд онцолсон юм.