Facebook компанийн хэд хэдэн ажилчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тус сүлжээн дэх жиргээний талаар захирал Марк Цукербергтай санал зөрөлдсөний улмаас ажлаасаа гарцгаажээ. Энэ тухай Associated Press агентлаг мэдээлэв. Түүний тэмдэглэснээр бол “Facebook” компанид ажилладаг олон хүмүүсийн дургүйцлийг Ерөнхийлөгч Трампын тус сүлжээнд нийтэлсэн илтэд доромжилсон өнгө аястай эсвэл хуурамч мэдээллийн талаар Марк Цукерберг ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа явдал хүргэжээ. Цукерберг өнгөрсөн Мягмар гарагт компанийн ажилчиддаа өөрийн байр сууриа тайлбарласан байна. Тэрээр хувийн компаниуд улс төрчдийн нийтлэлд гарсан зөрчлийг дурдаж хяналтын чиг үүргийг хүлээх ёсгүй гэж тэмдэглэжээ. Тус агентлагийн мэдээлж байгаагаар сүүлийн хоёр хоногт Facebook-ийн хэд хэдэн ажилтан ажлаасаа гарч, энэ тухайгаа зарим нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байна. Тэдгээрийн дотор хоёр програм хангамжийн ажилтан байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Тwitter болон Facebook цахим сүлжээг идэвхтэй ашиглан янз бүрийн сэдвээр сэтгэгдлээ нийтэлдэг. Түүний Миннесотагийн эсэргүүцлийн талаарх жиргээг Twitter хүчирхийллийг зөвтгөхийг хориглосон дүрмийг зөрчсөн гэж тэмдэглэсэн бол “Facebook” –ийн зүгээс ижил жиргээнд нь ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй байна. Уг жиргээндээ Трамп эмх замбараагүй байдал өдөөсөн этгээдүүдийг “дээрэмчид” хэмээгээд "ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд" АНУ-ын холбооны удирдлагууд нөхцөл байдлыг хяналтдаа авна гэж анхааруулжээ. Түүний хэлснээр бол “дээрэм болоход буудалцаа болдог” аж.