Миннесота мужийн Ерөнхий прокурорын газар Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдыг баривчилсан цагдаа нарыг хүн амины хэрэгт буруутгажээ. Энэ тухай CNN суваг шүүхийн материалыг иш татан Лхагва гарагт /2020.06.03/ мэдээлэв. Тэдгээр баримтаас үзвэл цагдаагийн ажилтан Дерек Шовинийг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгаж байгаа аж. Түүний хамтрагчид болох Жей-Александр Кьюн, Томас Лейн, Ту Тао нарыг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн мөн хүн амины хэрэгт турхирсан хэрэгт буруутгажээ. Өмнө нь Дерек Шовиныг хүн амины гуравдугаар зэргийн хэрэгт өөрөөр хэлбэл санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэж буруутгасан бол энэ удаа түүний хэргийг хүндрүүлсэн байна. Миннесота мужийн хуулиар бол хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг нь урьдчилсан төлөвлөөгүйгээр хүний аминд хүрсэн хэргийг хэлдэг аж. Уг зүйл анги 40 хүртэл жил шоронд хорих ялтай аж. Ийм хэмжээний ялыг хүн амины хэрэгт турхирсан, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэгт ч мөн оноох боломжтой гэнэ. Өнгөрсөн сарын 25-нд дээрх цагдаагийн албан хаагчид зөрчил гарсан газар дуудлагаар ирээд сэжигтэн Жорж Флоид гэдэг хар арьстан эрэгтэйг баривчлахдаа гарыг нь гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь удаан хугацааны турш өвдөглөж суусан байна. Флоид амьсгалж чадахгүй байгаагаа удаа дараа хэлсэн ч цагаан арьст цагдаа түүний үгийг тоогоогүй бөгөөд сэжигтэн ухаан алдсаны дараа л түүний хүзүүн дээрээс боссон байна. Хар арьстан эр эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Эл явдал АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн бөгөөд хөдөлгөөн эмх замбараагүй байдал болж арав гаруй хоног үргэлжилж байна.