АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пүрэв гарагт /2020.05.28/ тус улсад нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг зохицуулах тухай захирамжид гарын үсэг зурав. Энэ тухай Цагаан ордонд Ерөнхийлөгч өөрөө сэтгүүлчдэд мэдээлжээ. “Би өнөөдөр АНУ-ын иргэдийн эрх ашгийг, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах тухай захирамжид гарын үсэг зурлаа. “Твиттер” гэх мэт нийгмийн сүлжээнүүд нь төвийг сахисан платформ гэсэн нэрийдлээр хариуцлагаас урьд өмнө байгаагүйгээр хамгаалагдаж байна. Тус захирамж нь харилцаа холбооны тухай хуулийн 230 дугаар зүйлийг [ёс зүйн тухай] үндэслэсэн шинэ журам тогтоох зорилготой юм. " Цензур эсвэл улс төрийн үйл явдалд хутгалдсан нийгмийн сүлжээнүүд одоо хариуцлагаас хамгаалагдах эрхгүй болно. Энэ бол маш том шийдвэр” гэж Трамп хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр бол дээрх зарлиг гарахаас өмнө нийгмийн сүлжээнүүд "дураараа дургиж байсан" гэжээ. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Твиттер”ийг хаах боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Хоёр хоногийн өмнө “Твиттер” компани Ерөнхийлөгч Трампын “Twitter” хуудсан дахь жиргээнүүдэд үнэн зөв эсэхийг найдвартай эх сурвалжаас нягтлахыг сануулсан холбоос нийтэлж байв. Эл явдал АНУ-ын Ерөнхийлөгчийг нэлээд бухимдуулж “Твиттер” компанийг хаан гэж сүрдүүлсэн аж. АНУ-ын Харилцаа Холбооны Зохицуулалтын хуулийн 230 дугаар зүйл заалт нь нийгмийн сүлжээний компаниудад өөрийн платформ дээр нийтлэгдсэн агуулгад хяналт тавих, зохицуулах өргөн эрх мэдэл олгодог юм. Мөн хэрэглэгчийн нийтэлсэн агуулга, сэтгэгдэлд тус компаниуд хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг. Трамп харин хэрэглэгчидтэйгээ улс төрийн үзэл бодлоор ялгаж харьцсан компаниудын эрх мэдлийг хязгаарлах нэмэлт заалт оруулах чиглэл өгсөн байна.