Испанийн Засгийн газар Лхагва гаригаас /2020.05.27/ эхлэн 10 хоногийн гашуудал зарлажээ. Энэ тухай Засгийн газрын албан ёсны төлөөлөгч, Сангийн сайд Мария Хесус Монтеро мэдэгдэв. "Сайд нарын зөвлөл улс даяар албан ёсоор гашуудал зарлах тунхаг өнөөдөр гаргалаа. Коронавирусын улмаас нас барсан хүмүүст зориулсан гашуудал 10 хоног үргэлжлэх бөгөөд Засгийн газрын бүх барилга байгууламжууд, Тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээрх төрийн далбааг буулгана" гэж Монтеро хэлжээ. Энэ бол Испани улсын түүхэн дэх хамгийн удаан гашуудал аж. Хамгийн сүүлд 2017 оны 8-р сард Барселона, Кембрильсд болсон террорист халдлагын дараа орон даяар үндэсний гашуудал зарлаж байжээ. Испанид цар тахлын улмаас нас барсан хүний тоо 27 мянгыг давжээ. Мадрид хотын захиргааг коронавирусийн эсрэг шаардлагатай арга хэмжээ аваагүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын наймны өдөр Мадридын төвд олон мянган хүнийг цуглуулсан эмэгтэйчүүдийн жагсаалыг зөвшөөрсөн нь тахал дэгдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзэж байгаа аж. Уг жагсаал болох үеэр Испанид коронавирусийн халдвар хэдийнээ дэгдчихсан байсан гэж эрдэмтэд, эмч нар үзжээ. Жагсаал болсноос хойш долоо хоногийн дараа вирусийн халдвар авсан өвчтөний тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирсэн хэт ачааллын улмаас тус улс онц байдал зарласан аж.