“Эрдэнэс Тавантолгой” компани долоо хоног бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр цахимаар зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн утсанд 917 иргэн хандсан бол 380 хүн биеэр ирж мэдээлэл авчээ. Ингэснээр тус төвийг байгуулснаас хойш 110 000 орчим хүн үйлчлүүлсэн дүн гарсан байна. Олонх нь хувьцааны данс хэрхэн нээлгэх болон ногдол ашгаа хэзээ авах талаар тодруулсан аж. Одоогоор хувьцааны дансаа, байнга ашигладаг, идэвхтэй данстайгаа холбуулсан буюу Монголбанк, Төрийн сан хооронд дансны баталгаажилт хийгдэн, ногдол ашиг авахад бэлэн болсон иргэний тоо нэг саяд хүрчээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компаниас сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн дансанд байршуулсан гэлээ. Удахгүй тус төв иргэдийн данс руу мөнгийг нь шилжүүлэх юм байна. Харин хувьцааны данс нээлгээгүй, нээлгэсэн ч идэвхтэй данстайгаа холбуулаагүй иргэдийг цахимаар болон биеэр очин брокер, дилерийн компанид хандан, нээлгэхийг зөвлөлөө. Ер нь энэ сар гарснаар дансны зөрчилгүй иргэдийн ногдол ашиг авах боломжийг “Эрдэнэс Тавантолгой” компани бүрдүүлж, ҮЦТХТ-ийн данс руу мөнгийг нь шилжүүлж эхэлсэн байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт тус компани 150 000, нэгдүгээр сараас хойш 1.11 сая гаруй тонн нүүрс экспортолжээ.