Монголбанк хэвлэлийн ээлжит хурлаа өчигдөр зохион байгууллаа. Энэ оны эхний гурван сард төлбөрийн тэнцлийн алдагдал 350.2 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулалт саарч, экспортын орлого багассантай холбоотой аж. Төвбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив 17.8, гадаад актив 2.6 их наяд төгрөгтэй тэнцэж байсныг мэдээлэв. Гуравдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 17 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 1.2, 2019 оны мөн үеийнхээс хоёр хувиар багассан дүн болжээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ есөн тэрбум төгрөгөөр буурч, хугацаа хэтэрсэн зээл хоёрдугаар сарынхтай харьцуулахад 120 тэрбумаар өсжээ. Гуравдугаар сард банкууд 613 иргэнд 46.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгосны 42.7 хувийг нь хөтөлбөрийн эх үүсвэрээс гаргасныг дурдлаа. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл гуравдугаар сард 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.5 хувиар багассан дүн болов. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Баярдаваа “2020 онд манай улс хоёр тэрбум орчим ам.долларын өр төлөх ёстой. Гэхдээ Дэлхийн банк, Хятадын ардын банк зэрэг байгууллагатай өр төлбөрийг хойшлуулах, дахин санхүүжүүлэх талаар хэлэлцээ хийж байна. Дахин санхүүжилт татахын тулд зээлжих зэрэглэлээ бууруулахгүй байх хэрэгтэй. Энэ талаар болон “саарал жагсаалт”-аас гарахад шаардлагатай ажлуудыг холбогдох байгууллагууд хийсээр байгаа. Бид эдийн засгийн эргэлтийг сааруулахгүй, мөнгөний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх бодлого баримталж буй” гэв.