Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригийг спортын хүрээнийхэн “Алдрын асаалттай танк” хэмээн ярьдаг. Арга ч үгүй биз, хүүхэд байхаасаа боксоор тууштай хичээллэж, эл спорт хороогоор овоглон, амжилт гаргасан юм хойно. Түүнийг спорт олон зүйлээр сориход рингэдээ үнэнч үлдэж, тамирчны замналаа үргэлжлүүлсэн гэдэг. Боксын ертөнц дэх хүнд цохилтуудад тэрбээр бүдэрч бус сөрж зогссон. Алдаа, оноог тэнцүүлж урагшилсан түүнд амжилт хялбар олдоогүй. Тэвчээр, хатуужил шалгадаг энэ спортод тэрбээр сэтгэлээр унаж шантарсан удаа байхад алдрын тавцанд медаль зүүгээд инээгээд зогссон өдөр олон. Түүнийг амжилт руу хөтөлсөн хамгийн том бэлэг нь зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн хичээл, зүтгэл нь байсан юм. Боксчин залууг “Залуус” булангийнхаа зочноор урилаа.
-“Алдар”-ын босгоор алдартнууд л алхдаг гэдэг үг бий. Энэ том айлд хэрхэн тоогдож, халуун ам бүлд нь нэгдэв?
-Би 2005 онд боксын спортод анх хөл тавьж, Гавьяат дасгалжуулагч, хошууч А.Гантулга багшийн удирдлагад хичээллэн тамирчин болох гараагаа “Алдар” спорт хорооноос эхэлж байлаа. Тэр цагаас хойш 15 жил тасралтгүй хичээллэлээ.
-Тамирчид хорооныхоо жижүүрт гардаг юм байна. Албатай байх үед тань таарлаа. Цэргийн дүрэмт хувцас хүнийг жавхаалаг харагдуулах юм. Танд зохиж байна.
-“Алдар”-ын тамирчид цэргийн дүрэмт хувцсыг сард хэдэн удаа өмсдөг. Дүрэмт хувцас өмссөн үед байгууллагынхаа журмын дагуу үүрэг, хариуцлагыг нэгбүрчлэн биелүүлдэг. 2011 оноос тус спорт хорооны тамирчин болж, тэмцээнд оролцож эхэлсэн. Тусгаарлах байрнаас гараад л жижүүрийн үүрэг хүлээж авлаа. Боксын тамирчид хагас жил бэлтгэл хийхдээ тусгаарлалтаас ялгаагүй орчинд байсан. Тиймээс “Ковид-19”-ийн халдвараас хамгаалсан тусгаарлалт бидний бэлтгэл хийдэг орчин, нөхцөлтэй адил санагдлаа. Хүмүүс тусгаарлагдахыг тав тухгүй, эрх чөлөөгүй мэтээр яриад байгаа. Тамирчдын хувьд харин ч бэлтгэл сургуулилалтын алжаал тайлсан сайхан амралт боллоо.
-Йорданы Амман хотод болсон Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс та Токиогийн олимпод оролцох эрх авсан. Хоёр дахь олимпдоо хүч үзнэ гэж бодохоор өөрийн эрхгүй огшиж байна уу?
-Олимпын эрх олгох тэмцээнд Азийн шилдэг боксчид өрсөлдсөн. Тэмцээнийг Олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA) бус, ОУОХ зохион байгуулсан болохоор шүүлт харьцангуй шударга боллоо. Өмнө нь боксын эрх авах чадвартай тамирчин олимпод оролцохгүй болтлоо луйвардуулдаг байлаа. Манай тамирчид таван эрх авах зорилготой байсан ч санасандаа хүртэл тоглосонгүй. Гэхдээ хоосон ирээгүй, олимпын нэг эрх өвөртөллөө. Тэндээс олимпын эрх авчихаад сэтгэл бага зэрэг тайвширсан. Миний оролцох хоёр дахь олимп тул өмнөхөөсөө илүү туршлага хуримтлуулсан. Өмнө нь зөвхөн тоглолтдоо анхаарал хандуулдаг бол одоо өрсөлдөгчдийнхөө тактик, техникт тааруулан бэлтгэл хийхийг чухалчилж байгаа. Сэтгэл зүйн хувьд ч олимп шүү дээ гэх айдас, дарамтаас холдсон.
-Өөртэй тань учраа таарсан Энэтхэг, Узбекистаны тамирчид хүчтэй санагдсан. Аваргын төлөөх тоглолтод алтаас атгаад алдлаа.
-Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Энэтхэгийн тамирчин байсан. Би түүнд өмнө нь ДАШТ-ий хүрэл медалийн өмнөх тоглолтод ялагдаж байсан юм. Энэ удаа даагаа нэхэж, Токиогийн олимпод оролцох эрх авлаа. Олимпод Узбекистаны боксчинтой таарвал заавал хожно. Тэрбээр 2015 онд болсон ДАШТ-д Гавьяат тамирчин Д.Отгондалайг хожиж, хүрэл медаль хүртэж байв. Бидний тоглолтыг куба шүүгч шүүсэн. Тоглолт ид дундаа өрнөж байхад шүүгч намайг цохиулаагүй тоолсон. Миний тоглолт илт давамгай байхад зогсоож, зөрчөөгүй дүрэм дээр сануулга өгсөн, мөн техникийн шүүгч алдаа гаргаж, тэмцээний оноонд нөлөөлсөн зэргээр алдаатай шүүсэн. Ямар ч байсан тоглолтын оноог 3:2-ын харьцаатай болгож, өрсөлдөгчөө хожлоо.
-Токиогийн олимпод шилдгүүдтэй нударга зөрүүлнэ. Тиймээс өрсөлдөгчдөө судлах ажил танд үлдлээ.
-Тийм ээ, Узбекистаны тамирчныг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Йорданаас ийм бодол тээж ирсэн. Тэрбээр надаас нуруу намхан тул урагшаа довтолж тулалдахад би алдаан дээр нь ажиллаж, оноо авах зорилготой тоглосон. Эхний хоёр үе тулалдахдаа түүний тоглолтын арга барил, техникийг мэдэж, ямар тактик боловсруулсныг нь гадарласан байлаа. Гуравдугаар үеийн тоглолтод тэрбээр цуцаж эхэлсэн. Би түүнтэй тоглолтын тактикаа өөрчилж тулалдсан маань үр дүнгээ өглөө. Өөрийн жиндээ өрсөлдөх тамирчдын амжилт, карьер, бэлтгэл сургуулилалт гээд олон талаас нь судалж байна. Энэ хугацаанд би олимпын наадамд тулалдах өрсөлдөгчдөө хангалттай судалж амжина. Боксын олон тэмцээн цуцлагдаж, олимп хойшилсон нь надад харин ч ашигтай. Миний хувьд олон сар бэлтгэл хийсэн болохоор их ядарлаа. Тиймээс сэргэлт авах маягаар хэд хоног амарна.
ЯЛАЛТАА АВЧ ЧАДАХГҮЙ БАЙХ МЭДРЭМЖ ТАМИРЧИНД ХАМГИЙН ХЭЦҮҮ
-Боксын тэмцээний шүүлтэд булхай орох нь олон. Өмнөх олимпын тоглолтыг шүүсэн шүүгчдийг Олон улсын олимпын хороо Токиогийн олимпод оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн шүү дээ.
-Би 10 гаруй тэмцээний найман тоглолтод шүүгчийн буруу шүүлтээс болж луйвардуулсан. Шүүгчийн алдаанаас болж олон тамирчин хохирдог. 2016 оны Риогийн олимпын наадмын боксын тэмцээнийг шүүсэн бүх шүүгчийн эрхийг хассан нь маш том сануулга болсон. Энэ нь ч Йорданд болсон эрх олгох тэмцээний шүүлтээс ч харагдлаа. Боксын холбооны зүгээс тамирчдад “Бидний нуруунаас нэг том хүнд ачаа аваад хаячихсан мэт хөнгөрлөө” гэж байв. Булхайтай шүүлтээс болж хохирох вий гэсэн айдастай тамирчдын сэтгэлийг тайвшруулсан. Шүүгчийн буруу шүүлт бидний хувьд хамгийн том дарамт болдог. Ялалтаа авч чадахгүй байх мэдрэмж тамирчинд хамгийн хэцүү. Урам хугардаг юм. Энэ удаа цөөн тулаанд алдаа гарсныг эс тооцвол тэмцээний ихэнх шүүлт өмнөхөөсөө шударга боллоо.
-Найзыгаа дагаад сагсан бөмбөгөөс бокс руу урвасан гэл үү. Харамсахааргүй шийдвэр гаргасан гэдгээ рингэд харуулж байгаа.
-Сагсан бөмбөг тоглох дуртай ч энэ спортын тамирчин болох боломж байгаагүй. Гэсэн ч найзуудтайгаа долоо хоногт хоёр удаа тоглодог. Хүүхэд байхдаа NBA-ийн плэй оффын тоглолтуудыг сонирхож үздэг байлаа. Хүүхдүүд өсвөр насандаа хичээлийн бус цагаар спортын олон төрлөөр сонирхож хичээллэдэг. Би яг тэгж спорт сонирхдог насандаа сагсан бөмбөг тоглодог байсан юм. Тэр үед миний хамгийн сайн найз Б.Гансүх боксоор хичээллэдэг байлаа. Нэг өдөр найзынхаа бэлтгэл хийхийг харахаар очиход Б.Гансүх жин хасах бэлтгэл хийж байсан нь сонирхолтой санагдсан. Тэгээд л найзыгаа дагаж сагсан бөмбөгөөс бокс руу урвасан.Боксоор хичээллэхээр ирсэн хүүхдүүдийг багш тоглолтын техник зөв эзэмших, өөрийгөө хамгаалж, цохиж сурах дасгалуудыг хагас жил заасан. Бээлий өмсөх гэж яарсан бидэнд урт хугацаа. Яг ийм үед боксын спорт бие, сэтгэл зүйгээр хэн нь тэвчээр зааж үлдэх вэ гэдгийг сорьдог. Биднээс шантарсан нь явж, тэвчсэн нь үлдсэн. Хүлээж ядсан нөхдүүд багшаас нуугдаж, нэгнийдээ очиж бээлий өмсөөд тоглоно. 30 гаруй хүүхдээс тууштай хичээллэсээр би тамирчин болж, спортын замналаа цааш үргэлжлүүлсэн. Тэд тамирчин болоогүй ч гэлээ боксын спортын гайхамшгийг хичээллэж байх үедээ мэдэрсэн.
-Боксын тамирчин болоод дэвжээнд гарахад ах нар тань хамгийн их дэмжсэн гэл үү?
-Ах нар маань боксын тэмцээн үздэг байлаа. Тиймдээ ч намайг дэмжсэн. Харин эгч нар “Бокс хэцүү, эрсдэл ихтэй. Эрүүл мэндээрээ хохирч үлддэг” гээд эхэндээ таатай хүлээж аваагүй. Эгч нарыг ингэж хэлэхээр ах нар “Өө, юу гэсэн үг юм, эрэгтэй хүүхэд боксоор хичээллэх хамгийн тохиромжтой. Тэгээд ч үзэгч олонтой, гоё спорт” гэнэ. Би тамирчин болж, ах нарынхаа хүслийг биелүүлсэн. Аав, ээж хоёр намайг бүх талаар дэмжсээр ирсэн. Надад “Чи юу хиймээр байна, түүнийхээ төлөө тууштай зүтгэ” гэдэг. Гэрийнхэн минь дэмжсэн болохоор би боксоор хичээллэсэн даруйдаа амжилт гаргаж эхэлсэн. 2006 онд ОХУ-ын Сочи хотод болсон олон улсын тэмцээнд өрсөлдөж, алтан медаль хүртэж байлаа. Өсвөр үеийн УАШТ болохоор ах, эгч нар миний тоглолтыг үздэг. Рингнээс буухаар эгч нар өөдөөс гүйгээд ирнэ. Мэдээж тулалдаж байгаа юм чинь нүүрэндээ бага зэргийн гэмтэл авна шүү дээ. Тэд харчихаад бөөн сүр болно. Цаас гаргаж ирээд хэдэн талаас хацар, ам арчаад эхэлнэ. Тэгээд л “Миний дүү өлсөж байна уу. Эгч нь хоол хийгээд ирсэн, одоо идчих” гээд ам руу халбагадах нь холгүй. Би үзэгчдээс их ичнэ. Багш намайг харчихаад “Чи чинь эгч нартаа эрхэлдэг эрхийн балай байна шүү дээ” гэж билээ. Жингээ хасаж байгаа тамирчны хажууд эгч нар хоол ид гээд шахахаар ямар их санаа зовдог гээч.
-Олон эгч нарын дунд өссөн хүн өрөвч, зөөлөн сэтгэлтэй байдаг. Өөрөөс тань ийм зан үе үе цухалзана биз?
-Найзууд минь намайг “Чи их зөөлөн сэтгэлтэй” гэдэг. Магадгүй олон эгчтэй болохоор надаас ийм зан гардаг байх. Би цэвэрч, нямбай зантай. Гадуур гарахдаа хувцсаа индүүдэж, үсээ гельддэг. Боксын тамирчид “Үргэлж гоё байна гэж юу байдаг юм бэ. Хааяа хээгүй яваач” гэж цаашлуулдаг юм. Энэ бүхэн намайг зөв хүмүүжилтэй, нямбай өсгөсөн эмээ, өвөө, эгч нартай минь холбоотой. Одоо ч намайг ах, эгч нар хүүхэд байх үеийнхээр минь хайрлаад байдаг юм. Баяр ёслолын үеэр ах нарындаа очихоор хатуу ундаа огт амсуулахгүй. Шинэ оноор хундага тулгахад би л ганцаараа ундаа бариад зогсож байдаг. Намайг тамирчин болохоор тэд хайрласандаа муу зуршлаас хол байлгахыг хичээдэг юм шиг санагддаг.
СПОРТ БОЛ АМЬДРАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ХИЧЭЭЛ
-МУИС-д эдийн засгийн чиглэлээр суралцдаг гэсэн, ингэхэд сургуулиа төгсөж амжив уу?
-МУИС-д эдийн засаг, хүн ам зүйн чиглэлээр сурдаг ч сургуулиа дүүргэж амжаагүй л явна. Би өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай. Даанч тэмцээнд оролцсоор байгаад хичээлийнхээ ихэнх цагт сууж чаддаггүй юм. Тэмцээнд оролцож ирээд олон хичээлийн шалгалт, шүүлэг өгөх хэцүү. Шалгалтаа гайгүй өгсөн ч ирц, явц муу болохоор дүн гаргадаггүй. Надад судалсан кредит цаг бий. Өөрт олдсон боломжтой цаг хугацааг ашиглан сураад төгсчихье гэж бодож байтал “Ковид-19”-өөс болоод бүх их, дээд сургууль ирэх намар хичээллэхээр боллоо. Тиймээс Токиогийн олимпын дараа их сургуулиа төгсөхөөр төлөвлөсөн.
-Манай дасгалжуулагч, тамирчдад хэлний мэдлэг хэрэг болдог нь олон тэмцээнээс ажиглагддаг. Шүүгчид энэ байдлыг нь овжин ашигладаг биз. Завтай үедээ хэл сурч, өөрийгөө хөгжүүлж байгаа юу?
-Би англи хэлний дунд шатны мэдлэгтэй. Гадаадад очвол хоттой нь танилцангаа ойр зуурын зүйл ярилцаад ойлголцох хэмжээнд сурсан. Энэ жил завтай байгаа дээрээ найзынхаа англи хэлний сургалтын төвд сурч, мэдлэгийн түвшнээ ахиулна. Сая 14 хоног тусгаарлагдахдаа гитар тоглож сурлаа. Надад төлөвлөсөн олон зүйл бий. Амарч байхдаа алдсан цаг хугацаагаа нөхөж, төлөвлөсөн бүх зүйлээ амжуулна.
-Боксын бэлтгэл хийгээгүй үедээ өөр зүйлээр сэтгэлээ сэргээдэг үү?
-Би анх удаа олон хоног амарч үзлээ. Чөлөөт цагаараа цоглог аялгуутай, эрч хүч өгсөн дуу, хөгжим сонсож, тулаан, адал явдалтай кино сонирхож үздэг. Зун найзуудтайгаа очиж үзээгүй газруудаар аялах дуртай. Бид энэ жил Хөвсгөл далай руу явахаар ярилцаж байгаа. Аялах боломж гарч байгаа дээр далайн эрэгт хэд хоног амарч, алжаал тайлах бодол бий. Найзуудтайгаа эрүүл агаарт гарч, өөрийн гараар зэхсэн хоол, цайгаа гал дээр чанахад сайхан амттай болдог юм билээ. Ойрд хээрийн хоол, цайгаа их үгүйлэх болж.
-Манай боксчид сонирхогчийнхоос мэргэжлийн тулаан руу ордог. Танд ч гэсэн олимпын дараа хүч сориод үзье гэх бодол төрсөн юм биш биз?
-Тийм ээ, олимпын дараа мэргэжлийн бокст хүч сорино. Тэгээд ч бооцоо өндөр, мөнгө ахиу олчихно. Би энэ жил 29 нас хүрч байна. Мэргэжлийн боксын тамирчид 40 нас хүртлээ тулалддаг. Миний хувьд сонирхогчийн боксоор олон жил тоглолоо. Намайг залгамжлах олон дүү бий. Тэд ур чадвараа сайжруулж, туршлагатай болохын тулд олон тэмцээнд өрсөлдөх хэрэгтэй.
-Боксоор хичээллэдэг өсвөрийн тамирчдад өөрийн тань өөдрөг үгийг уламжилмаар санагдлаа. Шантарсан нэгэнд нь урам хайрлаж, амжилт руу хөтлөх ч юм бил үү.
-Би спортыг амьдралын түргэвчилсэн хичээл гэж боддог. Тамирчны замналаар амьдарч байгаа хүнд бэрхшээлтэй нүүр тулгарах үе бишгүй. Тийм үедээ амьдралын хүнд цохилтуудад ч өртөнө. Алдаа болгон муу байдаггүй, амьдралдаа сурах зүйлийг ч гэсэн тамирчдад ойлгуулдаг юм. Боксоор хичээллэж байгаа тамирчинд сахилга бат, дэг журам, өөрийгөө дайчлах хичээл зүтгэл, тулалдах ур чадвар хамгийн их хэрэг болдог. Энэ бүхнийг эхлээд сурч байж спортын босгоор алхдаг. Өөрийг тань амьдралд зөв хүн болгож бэлддэг зүйл бол спорт. Надад ч гэсэн жин хасаж шантарсан, тэмцээнд луйвардуулчихаад сэтгэлээр унасан өдөр олон бий. Тэр бүхнийг сэтгэлийн тэнхээ, тууштай байдал, тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл, эрч хүчээр даван туулсан. Магадгүй өөрт тань олон цохилт ирнэ шүү, тэр бүхэнд бүдрэх үү, зогсох уу гэдгийг тань шалгаж байгаа сорилт юм. Амжилт амархан олдохгүй, алдаа, оноотой л ирдэг. Тэр үед шантраад уйлж байсан бол инээгээд медалийн тавцанд зогсох мөч бас ирдэг юм шүү гэж хэлье.