Өндөр хөгжилтэй улсын томоохон хотуудын өнгө үзэмж зөвхөн барилга бус, ногоон байгууламжаар тодорхойлогддог болжээ. Дэлхий нийтээрээ ногоон байгууламжаа нэмж, цөлжилт, дулаарал, агаарын бохирдлын эсрэг тэмцэж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Тиймээс цэвэр агаарын эх уурхай, гүн ногоон өнгөөр хучигдсан дэлхийн хамгийн их модтой хотын жагсаалтыг өнгөрсөн онд гаргасан байдаг. Эл жагсаалтыг Норвегийн Осло хот тэргүүлж, Австралийн Сидней, Данийн Копенхаген, Нидерландын Амстердам хот удаалдаг. Тэд иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахаас гадна жуулчдыг татахын тулд ногоон байгууламжаа сайжруулсан хэрэг.
Харамсалтай нь, манай улс ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг умартаад удсан гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг сайжруулах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий гуравхан мэргэжилтэн байдаг нь үүнийг батлах биз. Улсын ногоон бүтээн байгууламжийг хамгаалах үүрэгтэй БОАЖЯ-нд нийслэлийн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг хариуцсан мэргэжилтэн байдаггүй гэхээр гомдмоор. Ойн салбарт хийж буй ажлыг нь үгүйсгэхгүй ч улсын өнгө үзэмжид нөлөөлөх нийслэлийн ногоон байгууламжаа орхигдуулсан нь тэдний алдаа. Ажиллах хүчингүй, салбар дундын уялдаа холбоо байхгүй нь нийслэлийн өнгө үзэмжийг илтгэх цэцэрлэгжүүлэлтэд нөлөөлсөн хэрэг. Энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан ногоон байгууламжид зарцуулах зардлаа 11 тэрбум төгрөг болгож өсгөсөн. Үүнийг их мөнгө үрсэн ажил гэж иргэд шүүмжилж буй.
БНСУ Сөүл хотынхоо ногоон байгууламжид жилд дунджаар 150 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний хажууд манай төсөв юу ч биш боловч Монголдоо л ахадсан мөнгө. Бид дан ганц улсын төсөвт найдаж ногоон байгууламжаа орхигдуулж буй нь хөөрхийлөлтэй. Нэг талаас ногоон байгууламжид анхаарах улсын бодлого дутуу дулимаг боловч нөгөөтээгүүр иргэдийн хайхрамжгүй, үл тоосон байдал гаарах болжээ. Уг нь иргэд, аж ахуйн нэгжид хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжтай холбоотой үүрэг гэж бий. Тодруулбал, иргэн газар өмчилсөн, ашигласан бол 10 хувийг нь ногооруулах, аж ахуйн нэг ойр орчмынхоо 50 метр талбайг цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээдэг. Гэвч үүргээ биелүүлэх нь битгий хэл, мэдэх хүн ч цөөн. Манайд баригдаж буй барилгууд зураг төсөлдөө ногоон байгууламжийг сайтар төлөвлөсөн байдаг. Харин ачир дээрээ цэцэрлэгжүүлэлтийг зураг төдийхнөөр үлдээгээд барилгаа ашиглалтад оруулчихна. Уг нь орчноо тохижуулах, цэцэрлэгжүүлэх урлаг буюу ландшафтыг өндөр түвшинд хөгжүүлэх, дэлхийн томоохон орнуудтай хөл нийлүүлэн алхах боломж манай улсад бий. Хэдийгээр төрийн бодлого дутуу дулимаг хэдий ч аж ахуйн нэгж, иргэдэд ч мөн адил буруу бий.
Аливаа улсын нийслэлийнх нь бүтээн байгуулалт гадаадын олон жуулчныг татах “увдистай”. Улаанбаатарын цэцэрлэгжүүлэлт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ногоон байгууламжийн дэргэд тарьц, суулгац төдийхөн. Гэхдээ бид тэдэнтэй барьцахын оронд ногоон байгууламжийн бодлого, зохицуулалтаа нямбай төлөвлөж, мөн иргэн бүр хувь нэмрээ оруулах нь чухал байна.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Арчилж, тордох нь тарихаас ч дутуугүй чухал
Сүхбаатар дүүргийн XVI хороонд байрлах “Хотын ой” төслийн талбай
Ой, ширэг, цэцэг, ургамлыг хот хүрээнээс зайдуу, байгальд л байдаг хэмээн цөөнгүй хүн бодож ирсэн гэвэл хилсдэхгүй нь. Учир нь 380 гаруй жилийн түүхтэй, 470 000 га талбайг эзэлдэг нийслэлд маань хүний гараар ногооруулсан том хэмжээтэй газар алга. Бидний нэрлэж заншсанаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хооронд, өргөөш нь хоёр орчим км талбайг яваад үзээрэй. Авто болон явган хүний зам, цардмал талбайгаас бусад газрын ихэнх хэсэг нь шороо. Олон жилийн өмнө суулгасан мододтой багашаархан хэмжээтэй талбай, мөн зам дагуу зүлэгжүүлж, тохижуулсан нь бол бий. Гэхдээ энэ нь тун бага төдийгүй байгаа жаахан ногоон байгууламжаа хайр найргүй туучдаг тул дөнгөж ургасан зүлэг нь гишгэгдэн, халцарсан байх нь элбэг.
Өдгөө энд тэндгүй зам, талбай, ногоон байгууламжийн усалгааны ажлыг эхлүүлж, модны нүх ухан, үйлчилгээнийхэн ажилдаа гарчээ. III, IV хорооллын дундах гурван км орчим урттай авто замын тохижилтын ажлыг цөөнгүй хүн хийн, газар усалж, шуудуу ухаж харагдана. Энд тэндээ армаг тармаг зүлэг, цөөвтөр модтой тус талбайд жил бүр л нэмж мод тарин, цэцэг суулгадаг ч төдийлөн үр дүнгүй л байна. Харин гацуур, нарс голдуу тарьсны улмаас өвөл, зунгүй ногоорч, өнгөлөг харагддаг хэсэг бол Бээжингийн гудамж юм. Урд хөршийн тусламжаар байгуулсан уг гудамж харьцангуй түргэн “тохижсон”. Тэндээс урагшаа яваад “Сентрал тауэр” барилгын өмнөх талбайг холбогдох ажилчид нь тордоод эхэлчихэж. Бороожуулагчийнх нь ус эргэлдэн цацарч, борлож, шарласан зүлэг нь нэлэнхүйдээ ногоорчээ. Хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгж орчин тойрноо сайн тордож, арчилдгийн нэг жишээ нь эл хэсэг болов уу.
Үүнээс гадна нийслэлд томоохонд тооцогдох бүтээн байгуулалт болох Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутагт 40 га газрыг ойжуулах ажлын явцыг сонирхлоо. Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд “Хотын ой” цэцэрлэгийг байгуулж буй нь энэ. Манай улсад 140 гаруй зүйлийн мод ургадгаас 50 гаруйг нь энд суулгасан бөгөөд цаашид ч мод тарихаар олон нүх ухжээ. Мод тарих, барилга байгууламжийг нь барихаар гүйцэтгэгч гурван компани ажиллаж буй юм байна. Газар ухдаг, хөрс дагтаршуулдаг, материал, хэрэгсэл зөөдөг цөөнгүй автомашин, техник энд тэндгүй сүлжин, шороо босгоно. Уг талбайг бүхэлд нь зүлэгжүүлж, моджуулахаас гадна танин мэдэхүйн цэцэрлэг, дугуйн зам, хүүхдийн тоглоомын болон спортын зориулалттай талбай, машины зогсоол байгуулах гэнэ. Уг цэцэрлэгт 3.2 тэрбум орчим вон зарцуулж буй бөгөөд ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Ногоон хэрэм” төслийн захирал, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгч Со Ин Гёноос ажлын явц болон бэрхшээл тулгарч буй, эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Төлөвлөсний дагуу ажил саадгүй үргэлжилж байна. Монгол бол хуурай, хатуу, ширүүн уур амьсгалтай, ой, цэцэрлэг, ус багатай орон. Ер нь дэлхий нийтэд цөлжилт явагдаж буй нь танайх шиг уур амьсгалтай улсад илүүтэй нөлөөлж, шороогоор шуурах шалтгаан болж буй. Ийм салхи дэгдсэний уршгаар салхины чиг дагуух улс, нутгийг цөлжүүлж, агаарын чийгийг багасгах магадлалыг өсгөдөг. Тиймээс аль болох их талбайг цэцэрлэгжүүлж, мод тарих нь Монголд төдийгүй бусад оронд ашиг тустай. Үүнээс гадна ногоон байгууламжийг арчлах, тордох нь мод тарихаас дутуугүй чухал ажил. Өмнөд Солонгост цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн бүсийн арчилгааг нэг байгууллага он удаан жил хариуцдаг. Гэтэл энд хэчнээн их хөрөнгө зарцуулан, юу ч тарьж ургуулсан хариуцах хүнгүй эзэнгүйрч, үрэгдэх нь бий. Тиймээс арчилгаа тордолгоог болж өгвөл нэг аж ахуйн нэгж олон жил дагнан, залхууралгүй, тогтмол хийх хэрэгтэй” гэв.
Том хэмжээний талбайг цэцэрлэгжүүлж, иргэдэд амарч, тухлах таатай орчин бүрдүүлэхээ зарлаад олон жил болж буй нэг төсөл бий. Энэ бол “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” төсөл юм. Баянгол дүүргийн XX хорооны нутагт 50 га талбайг зүлэгжүүлж, 150 000 орчим мод, бут, цэцэг тарина хэмээн “мөрөөдөн”, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан нь 2008 он. 4-5 жилийн дотор дээрх тооны мод, зүлэг ургаж, цэцэг дэлгэрчих байсан гэдэг. Тэгвэл өдгөө уг талбайг Баянгол дүүргийн ЗДТГ-ын мэдэлдээ авч, “Баянгол агропарк” ОНӨУТҮГ байгуулжээ. Том талбайтай нь харьцуулахад тарьсан мод нь цөөн юм. Тэнд иргэд амарч тухлах орчин, үйлчилгээний төвүүд, тоглоомын талбай зэргийг байгуулахаас гадна хүүхэд, багачуудад экологийн боловсрол олгох эко сургууль барьж байгаа гэсэн. Дүүргийн иргэдийн амьжиргааг дэмжин, төрөл бүрийн нарийн ногоо тариалах сургалт явуулдаг 20 орчим хүлэмж байгаа аж. Хөл хорионы улмаас энэ хавар иргэдэд зориулсан сургалт хийж чадахгүй ч мод тарих болон орчны тохижилт, бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу хийж буйг дээрх ОНӨУТҮГ-ын дарга Д.Ганзориг дурдав. Улаанбаатарыг ногооруулах ажил урагшилж буй ч хурд нь удаан байгаа нь анзаарагдлаа.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.СҮХБАТ: Эрх зүйн орчныг чангатгах хэрэгтэй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил нийслэлийн ногоон байгууламжид зарцуулах төсөв нэмэгдсэн. Ойролцоогоор бараг тэрбум төгрөгөөр өссөн байна лээ. Ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн жил нийтийн эзэмшлийн 98 га талбайг цэцэрлэгжүүлсэн бол энэ удаа 122 га-д хийхээр төлөвлөж, ажил эхлээд буй. Мөн нэмж 60 га газарт ногоон байгууламж барина. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жилд 100 га талбайг цэцэрлэгжүүлэх зорилт тавьсан, түүндээ ч хүрч байгаа. Төсөв нэмснийг иргэд “Хэрэггүй зүйлд их мөнгө зарж байна” гэх нь бий. Гэхдээ бид бага мөнгө, хүн цөөн ч цэцэрлэгжүүлэлтийг чадлынхаа хэрээр хийдэг. Мөнгө хэмнэж буй нэг жишээ дурдъя. Өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжид ургадаг 5-6 мянган модонд хэлбэржүүлэлт хийсэн. Нэг модыг 50-100 мянган төгрөгөөр хэлбэржүүлнэ. Харин энэ жил модны төрөл зүйлийг нэмснээр 250 000 модыг хэлбэрт оруулахаар боллоо. Нэг бүрийнх нь үнээр үржүүлбэл 17 орчим тэрбум төгрөгийг хэлбэржүүлэхэд зарцуулна гэсэн үг. Гэхдээ нийт төсөв маань 11 тэрбум шүү дээ. Тиймээс 2-3 томоохон аж ахуйн нэгжтэй хамтран бригадын зохион байгуулалтаар ажиллаж, тоогоор бус, талбайн хэмжээгээр мөнгө тооцож олгох болсноор уг зардлыг бууруулсан. Ингэж л хойдохоо авж урдахаа, өмнөхөө авч арынхыгаа нөхөж байна. Гэвч бидний ажил үр дүнгээ өгч байгаа. 2017 онд нийслэлийн ногоон байгууламжийн нэг хүнд ногдох газар 2.4 ам метр байсан бол өдгөө 4.1 болж өссөн.
-Ногоон байгууламжийн модны төрөл зүйлийг нэмсэн гэсэн. Модоо хаанаас авдаг юм бол?
-2018 онд нийслэлийн ногоон байгууламжийн 75 хувийг хайлаас, улиас, шар хуайс эзэлдэг байсан. Хоёр жилийн хугацаанд гоёл чимэглэлийн 22 төрлийн 349 000 мод шинээр суулгалаа. Иргэд ойд ургаж буй модыг сугалж авчраад тарилаа гэж эндүүрдэг. Арга ч үгүй байх. Манай улсын мод үржүүлгийн салбар уналтад орчихсон учир бойжуулсан тарьц, суулгацыг бидэнд худалдах иргэн, аж ахуйн нэгж маш цөөн. Түүхий эдгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй шиг суулгац байхгүй байхад хаанаас мод аваад ирэв хэмээн иргэд хардах нь аргагүй. Жилийн турш тарьсан нэг килограмм төмс 1000 төгрөгийн үнэтэй байхад 3-4 жил ургуулсан тарьц суулгацыг 600-800 төгрөгөөр худалддаг. Байгаа бүхнээ “тавиад туучих” эрсдэл өндөр мод үржүүлгийн бизнесийг эхлүүлж, азаа үзэх хүн байхгүй. Шатсан ойн хар зурвас, цахилгаан шугам сүлжээний дагуу, авто замын төлөвлөлтийн бүсэд орсон модыг тайрахаас өөр аргагүй байдаг. Тиймээс бид тайрсан модыг авч нийслэлийн ногоон байгууламжид ашигладаг. Мөн цөөхөн хэдэн аж ахуйн нэгжээсээ худалдаж авна.
Мод үржүүлгийн газар цөөн байгаа нь ногоон байгууламжийн салбарт төрийн бодлого дутаж буйн нэг л жишээ. Ер нь энэ салбарын эрх зүйн орчин маш дутуу, дулимаг зүйл ихтэй.
-Эрх зүйн орчныг яагаад дутуу, дулимаг гэж үнэлэх болов?
-Бид зөвхөн бараа, бүтээгдэхүүнийг л үйлдвэрлэл гэж хараад байна. Гэхдээ ногоон байгууламж гэдэг бол өөрөө тухайн улсын нэрийн үйлдвэрлэл. Өнгөрсөн жил хотын ногоон байгууламжийн бие даасан хууль байх хэрэгтэй гэж үзэж, боловсруулсан ч батлагдаагүй. Хүмүүс яагаад бие даасан хууль байх ёстой юм бол гэж гайхаж магадгүй. Манай урд хөршид ногоон байгууламжийн 1500 гаруй стандарт бий. Харин манайд 21 байгаа. Энэ жил шинээр зургаан стандарт боловсруулсан нь хараахан батлагдаагүй. Хүссэн нэг нь гадна орчныхоо модыг хөрөөдчихдөг, хэлбэржүүлж байна гэж буруу тайраад яр, шархыг нь нэмж, хортон шавжид өртөмтгий болгодог. Хууль нь чанга, стандарт өндөр байвал тэд дураараа тайрахгүй, мэргэжлийн байгууллагад хандана шүү дээ. Ногоон байгууламж нь сайн хөгжсөн өндөр хөгжилтэй оронд атаархаж суухын оронд эрх зүйн орчноо чангатгаж, иргэн бүрийг хариуцлагатай болгох нь чухал.
-Иргэдийн анхаарал болгоомжгүй байдал нийслэлийн ногоон байгууламжид хэрхэн нөлөөлж байна вэ?
-2016-2018 онд 67 байршилд 8095 мод тарьсан. Өнгөрсөн оны байдлаар хүний буруутай 87 үйлдэл, автомашины ослоос болж 85 шилмүүст мод гэмтэж, 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Үүний 18 орчим саяыг буруутай этгээд нь эргэн төлсөн бол үлдсэнийг нь улсаас гаргасан. Хэрэв устгаж сүйтгэсэн бол навчит модыг 487 500, шилмүүстийг 587 500 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлдэг. Согтуу жолооч мод дайрчихаад “Их мөнгө нэхлээ, би наадахыг чинь мод үржүүлгийн газраас 150 мянгаар аваад өгнө” гэдэг. Уг модыг ургуулах, арчлахад багагүй мөнгө зарцуулдаг шүү дээ. Иргэд ийн хайхрамжгүй байгаа учир эрх зүйн орчныг чангатгах хэрэгтэй гээд байгаа юм. Өмнө нь дээрх мөнгөн дүнг төлүүлдэг байсан бол өдгөө арай өөрөөр тооцдог болсон. Хэрэв та нэг мод гэмтээвэл анх худалдан авсан үнэ болох 380 мянган төгрөгөөс гадна төсөвт өртөг буюу дээр дурдсан үнэлгээг ургуулсан жилээр нь бодож төлнө гэсэн үг. Гурван жил ургасан навчит мод сүйтгэвэл анхны үнэ болох 380 мянгаас гадна төсөвт өртөг болох 487 000 төгрөгийг гурав дахин нугалж төлөх юм.
Бэлтгэсэн: Ж.Туул
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Нийслэлийн ногоон байгууламжийн хүрэлцээ ямар байна вэ?
Н.ЦЭРЭН (Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн):
-Орчин үеийн томоохон хотуудын хөгжлийн гол үзүүлэлтийн нэг нь ногоон байгууламж. 2017 оны судалгаагаар дэлхийн томоохон хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15-18 ам метр байсан. Улаанбаатар хотод энэ хэмжээ дөрвөн ам метр байгаа гэж сонссон. Манай нийслэлийн хувьд хүн амтайгаа харьцуулахад ногоон байгууламж шаардлагатай хэмжээнээс бага байгаа юм. Хүн бүр мод тарьдаг, бусдын арчилсныг хугалдаггүй байх хэрэгтэй.
Д.НЯМДАРЬ (Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн):
-Нэг мод таривал нэг нас нэмнэ гэдэг шүү дээ. Албан байгууллага гэлтгүй айл өрхүүд эзэмшлийн газартаа мод тарих хэрэгтэй. Шинээр орон сууц, хотхон барихад зайлшгүй цэцэрлэгжүүлэлтийг шаардаж, байгууллага хяналт тавих шаардлагатай болов уу. Тусгай мэргэжлийн хүмүүс иргэдэд сургалт зохион байгуулж, ногоон байгууламжтай байхын ач тусыг ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулаасай.
С.ГАНЦЭЦЭГ (Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн):
-Нийслэлд ногоон байгууламж дутмаг санагддаг. Хавар болохоор л хэдэн мод тарьсан болоод орхиж байгаа харагдах юм. Усалгаа, арчилгааг нь тогтмол хийснээр ногоон байгууламж бүрдэх болов уу. Аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулахад болохгүй зүйлгүй шүү дээ. Гадаадын улсуудыг харахад сүм, хийдүүд нь ойр орчимдоо цэцэрлэгжүүлэлт маш сайтай байдаг. Харин манай шашин номын газарт зүлэг ногоо, мод, бут бараг байдаггүй. Барилга барихдаа ногоон байгууламжийг нь хамт шийдэхгүй алаг цоог хийсэн болоод л өнгөрдөг юм шиг санагддаг.
Ц.АНУ (Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн):
-Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт дутмаг санагддаг. Суурин газрын 70-80 хувь нь ногоон байгууламж байж хот тоосжилтгүй, агаар цэвэр байдаг. Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа нэгээс доошгүй мод тарьж, эко орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Олон мод тарьсан айл өрхийг төр, засгаас урамшуулан, бусдыг сэдэлжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Ялангуяа хавар шороо тоос эрс нэмэгддэг. Энэ үед л хэсэг шуугьж байгаад улирал солигдохоор мартдаг. Төрөөс энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь харамсалтай. Хүйтний улиралд утаа гамшгийн хэмжээнд хүрдэг нийслэл хотод амьдарч байгаа айлууд төдийгүй албан байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбайдаа мод тарих нь чухал.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Цэцэрлэгжүүлэлт амьдралын чанарын гол үзүүлэлтэд тооцогддог
Хотын амьдралын чанарын гол үзүүлэлтүүдийн дунд хот тохижилт, тэр дундаа ногоон байгууламж эхний байр эзэлдэг аж. Зүлэг, мод нь агаарыг цэвэрлэж, чийгшүүлэн, салхины хүчийг сааруулж, дуу чимээг бууруулан, хүмүүс амрах таатай нөхцөл бүрдүүлдэг.
Одоо ч ирээдүйн хот гэгддэг Сингапур уламжлалаа хадгалахыг хичээж байна. Үүнд үндэсний баяр, эсвэл хувцас, гоёл төдийгүй нэрийн хуудас нь болсон ангсане гэдэг мод хамаарна. Симфони цэцэглэлттэй гэх буюу нэг газрын модод бүгд нэг өдөр цэцэглээд, маргааш өглөө нь дэлбээнүүд нь унадаг. Дараа нь хэд хэдээр ээлжлэн цэцэглэж байгаад бүгд хагдардаг. Ийн ээлжлэхийг цаг агаар “удирддаг”. Хүчтэй аадрын өмнө агаарын температур эрс буурах нь дэлбээлэхэд түлхэц болдог. Эл модыг хэвийн ургуулахын тулд асфальтын даралтаас үндсийг хамгаалахын тулд пропанаар тусгай үүр хийдэг. Өндөр технологи болон байгалийн хосгүй зохицол “Булангийн цэцэрлэг” төслийг хэрэгжүүлэх боломж олгожээ. Ургамлаар хучигдсан, 25-50 метр өндөр 18 байгууламж уг цэцэрлэгт бий. Моддын оройд нарны зай хураагуур суурилуулж, үдэш цэцэрлэгийг гэрэлтүүлдэг. Мөн модод борооны ус хуримтлуулдаг. Эл цэцэрлэгээс 200 гаруй төрлийн 163 мянган ургамал харж болох гэнэ.
Австралийн Мельбурн хот байнга халуун байдгийн улмаас моддынх нь 40 хувь нь хатаж, үгүй болжээ. Бас халууны улмаас жил бүр 200 хүн амьсгал хураадгийн сацуу тээврийн хэрэгсэл, цахилгаан болон урсдаг шат ашиглалтаас гардаг гэнэ. Үүнийг тус хотод 30 мянган мод тарьж, байшингуудын дээврийг зүлэгжүүлэх гэсэн хоёр аргаар шийджээ. Дээврийн зүлэгжүүлэлт хотын төвийн агаарын температурыг дөрвөн градусаар бууруулдаг гэнэ. Мөн энэ алхам нь барилгыг сэрүүцүүлэх зардлыг бараг 20 хувиар бууруулдаг аж. Хэрэв дээвэр дээр хүлэмж барьсан бол илүүдэл дулааныг шингээхийн сацуу бүхэл бүтэн байрыг шинэ жимс, ногоогоор хангах боломжтой.
АНУ-ын Нью-Йоркийн “High line” цэцэрлэг нь хотыг ногооруулах хамгийн ер бусын санааны нэгт тооцогддог. Урьд нь ачааны галт тэрэг зорчдог байсан төмөр замын гүүрийн оронд бий болсон амралтын эл бүс дэлхийн хамгийн урт дээвэр гэсэн статустай болжээ. Цэцэрлэгт хүрээлэнгээр зорчсон хүн 10 метрийн өндрөөс хотыг харж, зам дагуу ургасан 210 төрлийн ургамал дундуур хоёр км, сонирхолтой аялал хийдэг. Үүнээс гадна АНУ-ын хамгийн алдартай буюу жилд 25 сая орчим хүн очдог Манхэттений Төв цэцэрлэгт хүрээлэн бий. Оршуулгынхаас өөр амрах газаргүйн сацуу оршин суугчид нь 1820-1850 онд дөрөв дахин өссөн нь тус хотын эрх баригчдыг ийм хүрээлэн байгуулахад хүргэсэн гэдэг.
Францын нийслэлд галт тэрэгний гүүрийг цэцэрлэг болгожээ. 1969 онд 90 жил үргэлжилсэн галт тэргэний хөдөлгөөн зогссон бөгөөд хүрээлэн 2000 онд нээсэн байна. Гүүр 1.5 км бол цэцэрлэгт хүрээлэнгийн урт 4.5 км аж. Гүүрийн доор орших хоёр хонгил замыг ороонго өвс, лаванда, сарнай цэцэг, хулсаар чимсэн байх бөгөөд загвар зохион бүтээгч, гар урчуудын газар, дэлгүүр байдаг. Парисын өөр хоорондоо адилгүй байхаар ногооруулсан гудамжуудаас гадна хотын захиргааны цэцэрлэгүүд тусдаа явган хаалгатай ч шөнийн цагаар нээлттэй байдаг гэнэ. Тэдгээр нь хотын төвийн хэсгийг ч нам гүм, тайван орчинтой болгодог байна.
Бэлтгэсэн: З.Гал