Н.БАГАБАНДИ
Өглөө сэрээд “Би юу хийх ёстой вэ” гэж, орой унтахын өмнө “Би юу хийсэн бэ” гэж өөрөөсөө асууж бай хэмээсэн Пифагорын маш чухал захиас бий. Ажил төрөл нь амжилттай яваа хүмүүст ажиглагддаг нийтлэг нэгэн зүйл бол юу хийх ёстойгоо заавал бодож төлөвлөн, хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж хэрэгжүүлдэг сайн зуршил юм. Хийх зүйлээ бодож төлөвлөн, жагсаалтыг нь гаргаж, түүнийгээ ягштал баримталж эхэлбэл чиний ажилд хандах хандлага эрс өөрчлөгдөн, бүтээлч байдал дээшилж, урам зориг орно. Хийх ажлын жагсаалт гаргахдаа хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхлэх хэрэгтэй. Ажил үйлс нь сайн яваа нэгэн “Би жагсаан бичсэн зүйлийн дагуу ажлаа амжуулахаар бодож төлөвлөдөг. Эхний дөрвөөс тав нь заавал хийх ёстой, хамгийн чухал гэж бодсон зүйлс. Хамгийн чухал асуудлаа эхлэн шийдэх нь миний баримталж ирсэн “алтан дүрэм”. Тэр асуудлуудаа шийдэж дуустал өөр зүйл боддоггүй, өөр зүйл хийдэггүй. Магадгүй миний гайгүй яваагийн нууц нь “алтан дүрэм”-ээ хэлбэрэлтгүй дагаж ирснийх байх” гэж бичжээ. Энэ бол ганцхан хүнд зориулагдсан “дүрэм” биш, бүх нийтээр дагаж болох дүрэм. Гагцхүү үүнийгээ зөрчихгүй байх нь л чухал.
Нээлт хийж, сонгодог бүтээл туурвисан суутнуудын бусдаас илүү хөгжсөн чадваруудын нэг нь тухайн асуудалдаа сэтгэл зүрх, ухаан бодол, хамаг анхаарлаа төвлөрүүлэх дадал хэвшил юм. Олон нээлт, бүтээл эзнийхээ өдрийн бодол, шөнийн зүүд болж, амьдралын утга учир болгон бодож сэтгэснийх нь үр дүнд төрсөн байдаг. Сатаарч самуурах, анхаарал сарниулж, бодол түйвээх зүйлгүй тав тухтай орчныг бүрдүүлж хийвэл ямар ч ажлын чанар, үр дүн сайн байх нь тодорхой. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг шиг нэг ажил хийж байхдаа тэс өөрийг бодож, бусад ажилд санаа зовоод байх юм бол нөгөө сахил ч үгүй, туулай ч үгүй хоцорно гэдэг болно. Хамгийн чухал гэсэн ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ дуусгахаас нааш өөр зүйлд самгардахгүй байж сурвал цагийг үр дүнтэй ашиглаж, бүтээмж өндөртэй байна. Нэг зүйл хийж байхдаа хийх өөр зүйлийнхээ талаар бодож анхаарлаа битгий сарниул. Яг одоо хийж байгаа зүйлдээ зүүний үзүүрээр хатгах мэт анхаарлаа төвлөрүүлж чадвал чи бусдаас илүү байх болно. Миний танил мэс засалч гэртээ мужааны бэсрэг цехтэй. Мужааны ажил таны хобби юу гэж асуулаа. Одоо бол хобби болжээ. Эхэндээ өөр зорилгоор туршсан юм. Би мэс засалч, хуруу гараа нүдний цэцгий мэт хайрлах ёстой. Цахилгаан харуул, хөрөө, өрөм хуруу гарт халтай байх талтай ч би мужааны ажлыг хийхдээ анхаарлаа маш сайн төвлөрүүлж, дээд зэргийн болгоомжтой ажилладаг юм. Мужааны ажил үндсэн ажилд минь их тус нэмэр болно. Мужааны ажил хийснээр гарын ур, нүдний хараа их сайжирсан. Мэс засалч хүнд нүдний хараа, гарын ур маш чухал. Мэс засалчийн гар хуруу уран гарт оёдолчин, хатгамалчин шиг ажиллах учиртай. Мужааны ажил бүх анхаарлаа нэг цэгт төвлөрүүлэх чадвараа дээшлүүлэхэд их тус болсон. Мэс засалчийн ажил нэг цэгт бүх ухаан, ур чадвар, анхаарал болгоомж төвлөрдөг ажил. Үүнээс гадна мужааны ажил мэс заслын амь өрссөн тулааны тэр их стрессийг тайлахад зүйрлэшгүй тустай байдаг юм гэж тайлбарлав.
Хэт ихийг төлөвлөх хэрэггүй, хэт их яарах бүр ч хэрэггүй. Өдөрт хийх ажлаа төлөвлөхдөө хэрэгжих боломжгүй сайхан санаануудын урт жагсаалтыг ирийтэл бичээд нэмэргүй. Хэрэгжих магадлалгүй олныг биш, хэрэгжих цөөний жагсаалт гаргаж, аажуу алгуур хийж эхэл. Ажлын эхлэлд өөдрөг сэтгэлээр хандах нь өөдрөг төгсгөхөд их хэрэгтэй. Эрдэмтэн И.П.Павлов “Амаргүй ажлыг эхлэх бүртээ энэхүү нарийн ажил руу орж, утгагүй хөдлөх байдлаар бус, харин өөрийгөө зохих ёсоор дайчлахын тулд хэзээ ч битгий яар, ажлаа ажиж, хугацаа зарах хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Хүний тархи өдөр бүр бага багаар хийдэг зүйлсийг илүү сайн хүлээж авдгийг судлаачид тогтоожээ. Зарим хүн нэг ажил эхэлбэл түүнийгээ дуусгах гэж хэт яаран, цаг наргүй махран зүтгэж биеэ зовоодог. Эхэлсэн ажлаа хурдан дуусгах гэж биеийн алжаалыг умартан зүтгэх нь нэг талдаа сайн чанар боловч нөгөө талдаа биеэ сульдааж, дараа дараачийн өдрүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулах муу талтай. Тиймээс өөрийгөө хэт их шахаж шавдуулалгүй, тайван зугуухан, өдөр бүр бага багаар хийхэд буруугүй. Ажил, амралтаа зөв зохицуулах нь амьдралд хэрэгтэй, эрүүл мэндэд ч тустай. Хүссэн үедээ алжаалаа тайлж амар. Ажил хүний хүч чадалд тохирч байх ёстой. Хэрэв ажил нь хүний хэр чадлаас хэтрэх юм бол муу бөгөөд таагүй. “Ажил бол амьдрал дахь гол зүйл. Бүх тааламжгүй зүйлээс, бүх гай зовлонгоос ангижрах ганц зүйл бол ажил юм” (Э.Хэмингуэй). Дуртай ажлаа эрхэлж буй хүн уйддаггүй, уйтгарладаггүй, уурладаггүй.
Ямар нэг ажил хийхээр бодож төлөвлөсөн бол хойш тавилгүй, хурдан эхэл. “Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” (Ж.Руссо). Явна явна гэсээр ямааны мах барав гэдэг шиг эхлэхгүй хойш тавьсан ажлын хувь заяа бүрхэг бөгөөд бүүдгэр. Амьдралдаа хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ маргааш гэж хойшлуул гэх үг бий. Дараа гэж хойш тавьсан ажил “хэзээ ч үгүй” болж мартагдах нь цөөнгүй. Эрт эхэлбэл эрт дуусах магадлал өндөр. Эхэлсэн ажлаа дуусгах цаг хугацааны баримжаагаа тодорхойлж сур. Би энэ ажлыг төдөн өдөр, төдөн цагийн дараа дуусгана гэсэн цагийн хязгаар өөртөө тавьж, тодорхой хугацаа төлөвлөж ажиллавал илүү зохион байгуулалттай, үр бүтээлтэй хөдөлмөрлөж сурна. Ажил нь ухаанд нь багтаж, гарт нь орсон хүн бага цагт их зүйл чанартай хийх ур чадвар эзэмшсэн байна. Төлөвлөснөө дуусгах боломжит хугацааг бодитой зөв тодорхойлох нь онцгой чухал. “Бусдын хийхээр завдаж байгаа зүйлийг хийчихсэн тэр хүн аз завшаантай байдаг” (Ж.Ренар).
Эхлэх ёстой зүйлээ эхлээгүй, хийх учиртай ажлаа хийгээгүй хүн сүржин үгээр халхавч хийж, буруугаа зөвтгөн, уран үгээр түмэн тайлбар хийж, буман шалтаг тоочно. Хэлж ярих нь уран гоё, хийж бүтээхдээ урагшгүй, бүтэлгүй хүмүүс ажлын садаа, ахиж урагшлахад чөдөр тушаа болно.
Амьдралдаа чухал гэж үзсэн зүйлсээ зуршил болгон хэвшүүл. Ямар ч зүйлийг ижил хугацаагаар гурваас дээш өдөр хийхэд дадал болно гэх үг бий. Дасгал хөдөлгөөн хийж занш. Надад дасгал хөдөлгөөн хийгээд явж байх цаг байдаггүй гэх хэтэрхий хоцрогдсон үгийг хэзээ ч битгий хэл. Нэр хүндтэй “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур байнга хөдөлгөөнтэй байхыг зөвлөж байна. Оюун ухаанаа хурц сэргэлэн байлгахын тулд бие махбодоо байнгын хөдөлгөөнтэй байлгах ёстойг мэддэг тэрбээр өдөр бүр нэг цагийн турштеннис тоглодог сайн зуршилтай бүсгүй гэнэ. Бизнест амжилт олж яваа ихэнх хүн гольф тоглодог. Хөдөлгөөн, эрүүл агаар, амьд байгальтай ойр, оюун ухаанаа төвлөрүүлэх гээд ашигтай олон давуу талын зэрэгцээ гольф тоглох нь хүмүүстэй танилцах, тэдэнтэй харилцах, бизнесийн шинэ боломж шүүрэх сайн арга. Амьд харилцаа хүнийг аз жаргалтай, амьд байлгана. Дасгал хүний биеийг эндорфинээр дүүргэдэг. Эндорфин нь хүмүүсийг аз жаргалтай болгодог эс гэж эмч тайлбарлаж байна. Дасгал нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, уур уцаараас ангижруулж, биеэ тордох боломж олгодог. Байнга дасгал хийж байгаа хүн биеэ илүү хайрладаг болдог гэнэ. Зуршил болгохоор хийж байгаа үйлдэл чинь эхний үедээ хэцүү байсан ч буцаж цөхрөлгүй, бууж өгөлгүйгээр өдөр бүр давтан хийгээрэй. Хэлэхэд амар, хийхэд амаргүй ч бусад хүн чадаад байхад чи чадахгүй байна гэж юу байх билээ.
Чухал биш зүйлд хайран цагаа битгий үр. Цаг завгүй байна гэж үглэдэг хүмүүс ихэнх цагаа чухал биш зүйлд үрдэг. Хамгийн чухал гэж үзсэн ажил, асуудлаа шийдсэний дараа чухал бишүүдийгээ хийж эхлэх хэрэгтэй. Эрт босож, орой унтаж хэвшвэл чухал асуудалд зарцуулах цаг хугацаа чинь уртасна. “Дисней”-н гүйцэтгэх захирал Роберт Игорь өглөө бүр 4.30 цагт босож хэвшжээ. Хүмүүс хагас, бүтэн сайнд нэг сайн унтаж авъя гэж ярьцгаадаг. Харин хагас, бүтэн сайнд эрт босох нь чиний бусдын өмнө явах боломж гэж эрт босдог хүмүүс зөвлөж байна. “Тwitter”-ийг үүсгэн байгуулалцсан Жак Дорси долоо хоногийн эхний таван өдөр 16 цаг ажилладгаараа алдартай. Тэрбээр хагас сайнд амран, ууланд алхаж, бүтэн сайнд бодож эргэцүүлэн, бусдын санаа бодлыг сонсож, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөдөг тухайгаа ярьжээ. Алдартай хүмүүс бодож эргэцүүлэхэд заавал цаг гаргадаг. Бодож эргэцүүлэх нь өдөр тутмын зайлшгүй хийх дадал байх ёстой гэж тэд үздэг байна. Хийж байгаа зүйлээсээ таашаал мэдэр. Хүн зөвхөн дуртай зүйлээ хийж байж л амжилт олдог юм. Дургүй, хүсээгүй зүйлээсээ аз жаргалыг хэзээ ч олохгүй. “Хэрэв чи ямар нэгэн зүйл хийж байгаа бол түүнийгээ сайн хийх хэрэгтэй. Сайн хийж чадахгүй, эсхүл хүсэхгүй байгаа бол ерөөсөө битгий хий (Л.Н.Толстой). Өөрийг чинь хийж чадахгүй гэж бусдын бодож байсан зүйлийг хийж чадвал чамд дээд зэргийн сэтгэл ханамж, зүйрлэшгүй сайхан таашаал авчирна. Ажлын оновчтой зохион байгуулалт ололт амжилтын эх мөн.