Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах болсон. Иймээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан. Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн ИТХ-аас тодорхой ажил зохион байгуулж, хөрс хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулдаг билээ. Энэ жилийн тухайд шинэ төрлийн корона вируст халдварын улмаас олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулаагүй юм.
Нийслэлийн ИТХ-аас хөрсний бохирдолд ихээхэн анхаарал хандуулж, 2019 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах чиглэлээр урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна
Улмаар Нийслэлийн ИТХ-аас хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхийн ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэх төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан. “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төсөл хэрэгжсэнээр хөрсний бохирдлын 80 хувийг эзэлдэг гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.
Мөн гэр хорооллын нүхэн жорлонгийн тоог багасгах дунд, богино хугацааны төслийг эхлүүлээд байгааг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга онцолж байна. Төслийн хүрээнд жилд 10 мянга орчим айлын нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хөрсний бохирдлын томоохон эх үүсвэр болох арьс ширний үйлдвэр, авто машины угаалга, засварын газруудыг журамлахаар болж төслийг боловсруулж буйг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт онцолж байна.