2018.09.26 Зарим шарилыг шилжүүлж буй нь.
Шар хашаа нь нурж, шавар, тоосго энд тэндгүй тарсан Далан давхарын оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн байх ёстой, уг нь. Чингэлтэй дүүргийн XII хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж буй тус оршуулгын газар 1927 онд үүсэж, 1987 онд Ардын депататутын хурлын 72 дугаар тогтоолоор албан ёсоор хаасан боловч иргэд сул зай олж бурхан болоочдоо нутаглуулсаар. Оршуулгын энэ нүсэр газрыг шинэчилж, талийгаачдын шарилыг чандарлан, олон улсын жишигт нийцсэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн 2010 оноос хойш ярьсан билээ. Оршуулгын газар дахь шарил ялзрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг. Нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудад ШУТИС-ийн эрдэмтэд шинжилгээ хийх явцдаа Нарангийн энгэр, Далан давхартай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айлын ундны усанд химийн хортой бодис болох нитрит агуулагдаж байгааг тогтоосон. Иргэдийн өдөр тутмын амьдралд оршуулгын газрын нөлөөлөх наад захын хор уршиг нь энэ. Тиймдээ ч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэдээ эрүүл, аюулгүй орчинд байлгах зорилгоор Самбалхүндэв оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдсэн байх. Нийслэлийн ИТХ-аас 2010 оны арванхоёрдугаар сард “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэж тогтоол баталсан. Гэвч өдгөө Самбалхүндэв оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн битгий хэл, нэг ширхэг мод ч үгүй, бахь байдгаараа л байна.
2020.04.21 Далан давхарын оршуулгын газар
Хамгийн сүүлд буюу 2014 онд тус оршуулгын газарт 30 000 гаруй хэвийн, эвдэрсэн 16 000 орчим, ухагдаж, тоногдсон 517 булш бий гэж тогтоосон бөгөөд 2500 гаруй айл талийгаач нартай газар “булаалдан” амьдарч байна гэх судалгаа гарсан. Самбалхүндэв оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжих, эсэхийг 2013 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар дамжуулан иргэдийн саналыг асуусан байдаг. Тухайн үед санал асуулгад 10 000 гаруй хүн оролцож, 85 орчим хувь нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжиж байжээ. Иргэд санаа нийлэн дэмжсэн нь учиртай. Оршуулгын газартай хаяа дэрлэн амьдарна гэдэг амаргүй. Хотын төвөөс холгүй ямар ч хараа хяналтгүй, мартагдсан “балгас” байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй хэрэг учир дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг нь дэмжсэн биз. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулан, байгаль экологийг сэргээж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл өрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна бурхан болоочдоо үзүүлж буй томоохон хүндэтгэл болно гэж төсөл санаачлагчид иргэдэд итгүүлснээс үүдэлтэй байх. Уг нь тэдний ярьсан үнэний ортой байв. Бүтээн байгуулалтыг төлөвлөсний дагуу хийсэн бол 137 га талбайн хөрс эрүүлжиж, ойр орчмынх нь өрхүүд санаа амар амьдрах байлаа.
Төслийн нэгдүгээр багцад концесс эзэмшигчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажлыг 2014 оны аравдугаар сарын 1-нд дуусгаж, шалгарсан концесс эзэмшигч нь зургаан сараас дээшгүй хугацаанд талийгаачийн ар гэрийнхнийг нь эрэн сурвалжилж, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэн, цаг агаар дулаарах үед чандарлах үйл ажиллагааг эхлүүлнэ хэмээж байв. Энэ ажил ч гараагаа сайн эхэлж Далан давхарын оршуулгын газрыг тойруулан хашаа барьж, дотор нь цахилгааны дэд станц босгон зарим шарилыг шилжүүлсэн. Даанч гараагаа сайн эхэлсэн шигээ бариандаа хүрч чадалгүй замхарсан нь харамсалтай. Урт “настай” эл төсөл хэрэгжиж нийслэл хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барина гэх горьдлого иргэдийн дунд одоо ч бий. Дараагийн хоёрдугаар багц буюу инженерийн дэд бүтцийн ажлыг 2016 оны гуравдугаар сараас эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн юм билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд бид бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй болоод дөрвөн жилийг үдсэн байх ёстой. Гэвч тэнд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байхгүй, шавар хашаа нь цөмөрч, мал, амьтны ялгадас, хог хаягдлаар дүүрсэн, хөдөөлүүлсэн талийгаачийн өндөр, нам, том, жижиг хөшөөтэй хэвээр.
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг гурван хэсгээс бүрдэхээр төлөвлөж байжээ. Төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлалыг шингээсэн орчин үеийн дурсгалын байгууламж, зүүн, баруун хэсэгт байнгын үйл ажиллагаа бүхий шашны цогцолбор, тэдгээрийг холбосон цэцэрлэгт гудамж, явган хүний болон авто замтай байхаар төлөвлөсөн. Даанч “санаа байвч сачий нь хүрсэнгүй” гэгчээр гоё ганган төлөвлөлт ярихаас цаашилсангүй.
Дээрх төсөл яагаад өдий хүртэл бүтээн байгуулалт болж чадалгүй “царцаж” орхив. Энэ талаар тодруулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэд хэдэн мэргэжилтэнтэй холбогдсон боловч тоймтой хариу хэлсэнгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Хишигбуян энэ талаар “Ногоон байгууламж хариуцсан хэлтсийнхэн нарийн учрыг нь мэдэх байх. Гэхдээ дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барихгүй, мод тарьж байгаа гэж сонссон” гэв. Дээрх хэлтсийн мэргэжилтнүүд хотын ногоон байгууламжид усалгаа, ариутгал хийж, гадуур ажилтай явж таарсан тул хариулт авч чадсангүй. Холбогдох албаныхан тоймтой хариу өгөөгүй тул уг төслийг өдий хүртэл яагаад хэрэгжүүлээгүй нь бүрхэг хэвээр үлдэв. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д Самбалхүндэвийн оршуулгын газрыг “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” болгохоор тусгасан байсан юм. Дээрх төслийг хэрэгжүүлээгүй нь уг баримт бичигтэй шууд хамааралтай.
2020 он гарснаар энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхэд, гүйцэтгэл 29.6 хувьтай гэж гарчээ. Хэрэгжилтэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзжээ. Тодруулбал, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо, мониторинг хийх боломж бүрдүүлээгүй, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацаа хоцорч батлагдсан, салбарын мастер төлөвлөгөө бүрэн боловсруулагдаагүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг, улс төрийн нөлөөлөл бий гэж дүгнэсэн байна. Тэгвэл дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулаагүй нь эдгээр шалтгааны яг алинаас нь болов. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Самбалхүндэвийн оршуулгын газрыг “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” болгохоос гадна Улаанбаатар хотын газар зохион байгуулалтыг шинээр төлөвлөх, зам, тээврийн сүлжээг сайжруулах, дулаан, цахилгаан, усан хангамж зэрэг инженерийн дэд бүтцийг шинэчлэх, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, голуудын урсцыг сайжруулах, хог хаягдлын менежмент, эх үүсвэр дээр нь устгах, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах зэрэг томоохон ажлыг тусгажээ. Нэгэнт энэ төслийн гүйцэтгэлийг 29.6 хувьтай гэж дүгнэсэн учир дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болон дээрх ажлууд замхрах нь тодорхой боллоо. Нийслэлийн удирдлагууд баталсан төслөө ажил болгож чаддаггүйн томоохон жишээ энэ. Дутуу дулимаг гүйцэтгэлээ хөрөнгө мөнгө, улс төр лүү чихчихдэг. Энэ бүхнээс хохирч үлдэж буй нь “нүдээ ширгэтэл” хүлээсэн ард түмэн байгаа нь харамсалтай.