“Муу юм энэ ертөнцөд хэдий олон ч Муу хүнээс илүү аюул гэж үгүй” хэмээн Эрдэнийн сан Субашид зохиолд бичсэн нь бий.
Хүн эцэг, эхээс төрөхдөө л муу хүн байхаар заяагдаж төрдөггүй нь мэдээж. Харин ямар хүнийг “муу хүн” гэх вэ гэдгийг энэ мэт эртний мэргэдийн ном судар зохиолуудад бичсээр, анхааруулсаар иржээ. Өөрөөр хэлбэл, биднийг хүний мөсөөр сайн уу, муу юу гэдгийг илэрхийлэх гол хэмжүүр нь ёс суртахуун аж. Ёс суртахуунгүй хүнээс л хорвоогийн хамгийн муу муухай бүхэн гардаг гэдгийг дээрх хоёр мөртөөр илэрхийлж.
Монголчуудын ёс суртахууны хэм хэмжээг сорьдог нэг зүйл бол сонгууль гэхэд хилсдэхгүй. Сонгууль ойртох тусам нэгнийхээ улыг улам бүр шагайж, цаашлаад гэр бүл, аав, ээж, үр хүүхэд, удам судраар нь хүртэл оролдож эхэлдэг нь хэчнээн увайгүй, ёс суртахуунгүй үйлдэл гэдгийг угтаа бүгд гадарлана. Гэхдээ томоохон эрх ашгийн төлөөх тэмцэлд хэн нэгнийг дөнгөх гэвэл хамгийн түрүүнд эцэг эх, гэр бүл, удам угсаа руу нь халдаж, гүтгэж, доромжлохыг урьтал болгодог. Монгол хүн бүр эртнээс нааш эцэг өвгөдийнхөө нэр алдар, угсаа гарваль, удам судартаа ихэд хүндэтгэлтэй хандаж ирсэн тул хамгийн “эмзэг цэг” рүү нь довтолж байгаа хэрэг. Ялангуяа өрсөлдөгчөө эрлийз, хурлийз гээд барим тавим зарлачихвал, тэр яриа эрчимтэй газар авч, урд нь “хятадын, хужаагийн” гэдэг үг нэмчихвэл гал дээр тос нэмэхтэй адил бадран дүрэлзэн асдаг.
Нэгэн цагт Төрийн тэргүүн явсан нэгнийгээ “Хужаагийн эрлийз” хэмээн цоллоод нус нулимстай нь хольж, ээж рүүгээ яаран сандран чавхдахад хүргэж байсан хөгтэй улс билээ, бид. Бас ойрын нэгэн цагт Төрийн тэргүүнд нэр дэвшсэн эрхмийг “Энэ бол яг жинхнээсээ хужаагийн эрлийз шүү” хэмээн өөд уруугүй, өглөө оройгүй сурталдсаар татаж унагаад өдгөө нэг санаа нь амарсан, хөөтэй улс. Үнэндээ хүний мах, цус, ясан төрөл, удам судар, угсаа гарваль гэдэг маргашгүй үнэн бодит зүйлийг хэн ч дур зоргоороо өөрчлөх, хэн ч өөрийнхөө хүссэнээр зохиох боломж үгүй билээ. “Энэ хужаа” гээд хэлчихээр илбэ жатгын юм шиг өнөөх хүн нь хужаа болчихгүй, “Тэр эрлийз” гэхээр алга урвуулахын адил эрлийз болчихгүй. Нөгөөтэйгүүр, National identity буюу үндэсний ижилслийг бүрдүүлдэг гол гурван тулгуур хүчин зүйлсэд цус ордоггүй, өөрөөр хэлбэл тухайн хүн хаанахын хэн байх нь хамаагүй, хэл сэтгэхүй, соёл, шашин итгэл үнэмшил нь л тэр улсын төлөө байх нь чухал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байхад манайхан эрлийз, хурлийзын тухай яриагаа улигласаар, хар технологио хэрэгжүүлсээр байх. Явж явж энэ бол шинжлэх ухаанчаар хэлэхэд ёс суртахуунгүй, монгол ухаанаар бол дэндүү жудаггүй үйлдэл.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл хотын Захирагч С.Амарсайхан яг энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гаргасан гомдлын хариуг нь ирүүлсэн талаар өөрийн сошиал хуудаст бичжээ. Хотын Захирагчийг үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш “Хятадын эрлийз”, “Хүүр ухдаг хужаагийн хүүхэд” гэх зэргээр удаа дараа удам судраар нь гүтгэн доромжилж байгаа тул тэрбээр үнэн мөнийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газарт хандсан байна. Тус газраас ирүүлсэн хариу албан тоотод Увс аймгийн Бөхмөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримт нь Тагнуулын Ерѳнхий газрын тусгай архивын баримттай таарч байгааг онцлоод, аав, ээжийг нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн, дѳрвѳд угсааны малчин хүмүүс байсан гэдгийг улсын архивт байгаа баримтаар бататгаж өгсөн аж. Төрт улсын иргэний баримт цагаан дээр хараар бичигдээд үлдсэн байхад эцэг, эх, удам судрыг нь зориуд элдвээр гутаан доромжилж, өөд болсон эцгийнх нь ясыг өндөлзүүлж, өндөр настай эхийнх нь сэтгэл санааг үймүүлж, ор үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан нэр бүхий хүмүүс болон захиалагчдыг цагдаагийн байгууллагад өгч, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэдгээ Хотын Захирагч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хүнийг арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гээд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч, Монгол Улсын Үндсэн хуульд ч маш тодорхой заасан байдаг тул ийм тохиолдолд гарцаагүй хуулийн хариуцлага хүлээх учиртай. “Хүн гүтгэж, доромжилбол хуультай байдаг юм шүү” гэж өөр хоорондоо хэлэлцэх атлаа хуульгүй мэт бусдыг гүтгэж доромжилдог байдлыг хүний номоор цэгцлэх хөг нь нэгэнт өнгөрсөн тул хуулийн хэлээр ярих цаг нь болсон гэлтэй.
Харин нөгөө талд энэ улсын ирээдүй болсон шинэ үеийн залуусын сэтгэхүй, хандлага өөрчлөгдөж, сонгогчийн боловсрол дээшилсэн учраас иймэрхүү ёс суртахуунгүй, жудаггүй үйлдэлд хууртах бус, тухайн хүнийг хийсэн ажил болоод хийх зүйлс, зорилго тэмүүлэл, үзэл бодол, үнэт зүйлээр нь түвэггүй таньж мэддэг болсон цаг буюу.