“Хүний наймааны хохирогч болсон хоёр эмэгтэйг энэ онд Малайз улсаас авчирсан” гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Өдгөө тэр хоёр эмэгтэйг коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагад тусгаарлаад буй. Тэдний хөл хорионд байх хугацааг дахин 21 хоногоор сунгасан тул хараахан гарах болоогүй. Тэндээс гарсны дараа “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагынхан хамгаалалтад авч, тусламж үйлчилгээ үзүүлэх бололтой. Хохирогчдын мэдээлж буйгаар Н гэгч анх зургаан эмэгтэйг хуурч мэхлэн Малайзад аваачсан гэнэ. Улмаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн байна. Хууртсанаа мэдсэн хохирогчдын хоёр нь тус улсын хүний эрхийн байгууллагаас тусламж авч, оргож боссоор ямар ч гэсэн эх орондоо ирсэн. Харин дөрөв нь Малайзад аврал эрсэн хэвээр үлджээ. Хохирогчид Монголд ирсний дараахан өөр хоёр монгол эмэгтэй тус улсын цагдаа нарт хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон хоёр хүний нэг нь дээрх зургаан эмэгтэйг Малайзад аваачиж биеийг нь үнэлүүлсэн Н гэгч байсан гэнэ. Тиймээс хүний наймаатай холбоотой эл хэрэгт Монголын хууль хяналтын байгууллагаас гадна Малайзын цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Зургаан эмэгтэйг хуурч, хил дамнуулан авч явж, улмаар бэлгийн мөлжлөгийн хохирогч болгосон гэх Н-ийг Малайзын гэмт хэрэгтнүүдтэй холбоотой гэсэн мэдээлэл ч байна.
Малайзад Монголыг төлөөлөх дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Аливаа хэрэг тохиолдоход Тайландын Хаант Улсын Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхнаар дамжуулан малайчуудтай харилцах боломжтой. Өөрөөр хэлбэл, тус улсад манай дөрвөн иргэнтэй холбоотой, тэр дундаа хүний наймааны хохирогч болсон гэх томоохон асуудал үүссэн ч Монголын төр, засгийн зүгээс шуурхай арга хэмжээ авах боломж бололцоо хомс, арга ядсан байдалтай байна. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр Малайз улсын хууль хяналтын байгууллагатай Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулахаар ярилцаж буй ч өнөөдөртөө ажил хэрэг болсон зүйл үгүй, хөөцөлдсөөр байгаа аж.
1999 онд монгол хүнийг ашиг олох зорилгоор Югославт аваачиж бэлгийн мөлжлөгт оруулснаар Монголд хүний наймаа анх бүртгэгдсэн. Өдгөө эл төрлийн гэмт хэрэг өндрөө авч, жилд 10 гаруй бүртгэгдэж, олон хүн хохирох болсон. Байтлаа сүүлийн зургаан жил манай улс хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хүлээн авагч, бэлгийн мөлжлөгийн хохирогч олох сурвалж болж хувирсан гэнэ. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Турк, Казахстан, Норвег, Швед улсад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Герман, Швед, Бельги, Турк, АНУ руу худалддаг болжээ. Үүнээс гадна эцэг, эх нь гэрээ байгуулж, гарын үсэг зурснаар халхавчилж Монголын уран нугараач охидыг Турк, Хонконг, Сингапурт аваачиж, албадан хөдөлмөрлүүлж, хүний наймааны золиос болгосон хэрэг ч гарсан. Үүнээс гадна монгол эмэгтэйчүүдийг Хятад, Өмнөд Солонгосын эрчүүдтэй гэрлүүлэх нэрийн дор зарцлах, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгох, биеийг нь үнэлүүлэх хэрэг гарсаар байгаа юм.
Дотооддоо Улаанбаатар хотын охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар, караоке болон цэнгээний газраар дамжуулан хүний наймаанд өртөж буй. Орон нутгийн хохирогчдын олонх нь хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт өртөж байна. Түүнчлэн Япон болон Өмнөд Солонгосын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг тухай мэдээлэл байдаг. Сүүлийн жил хүний наймаа улам далд хэлбэрт орсон. Гэмт хэрэгтнүүд олон нийтийн сүлжээ ашиглан хуурамч хаяг нээж, ажлын байрны цахим зар ашиглан, англи хэлний хөтөлбөрүүдийн нэр барьж охидыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг болсныг манай цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Энэ оны эхний улиралд манай улсад хүн худалдах гэмт хэрэг дөрөв гарчээ. 2018 онд хүний наймааны 10 хэрэг гарсны долоо нь хотод бүртгэгдэж байв. 2019 онд дээрхтэй ижил 14 хэрэг бүртгэгдсэний 12 нь нийслэлд гарсан. Тэгвэл эдгээр хэргийг шүүх шийдвэрлэсэн байдлыг харъя. Нийслэлийн Давж заалдах шатны шүүх 2019 онд хүн худалдах гэмт хэрэгтэй холбоотой найман хэрэг шийдсэн бол энэ онд нэг ч хэрэг шүүн хэлэлцээгүй. Харин Улсын дээд шүүх өнгөрсөн онд хүн худалдаалсан нэг л хэргийг хянасан. Он гарсаар одоогоор хянасан хэрэг үгүй.
Манай Эрүүгийн хуульд хүн худалдаалах гэмт хэргийг “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулсан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлсон. Энэ гэмт хэргийн золиос болсон хүн амьд үлдэх магадлал бага, эсэн мэнд байлаа ч, хор уршиг нь насан туршийнх байдаг. Харамсалтай нь, дээрх дурдсан тоо энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд өсөж буйг харуулж байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд санхүүжилт ихээхэн дутагддагийг албаныхан онцолж байсан.
Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр хүн наймаалах асуудлын төлөв байдлыг судалдаг. 2018 оны тайланд таагүй баримт олон байсан. Тухайлбал, Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын зэрэглэлийг бууруулж, хоёрдугаар шатлалын анхаарал татсан орны жагсаалтад оруулснаа мэдээлсэн. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.3 болон 13.1 дүгээр зүйлийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа нэмж, хүн худалдаалсан этгээдэд зүй ёсны ял шийтгэлийг оногдуулахыг зөвлөж байв. Мөн хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирогчдод хамгаалах үйлчилгээ үзүүлэхийг хориглодог хуулийн зүйл заалтаа өөрчлөхийг хүссэн билээ. Хүний наймааны хэрэгт хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчийг ял шийтгэлээс чөлөөлөх, зам, тээврийн гол боомтууд, хилийн болон уурхайн эргэн тойронд биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгахад түлхүү анхаарч ажиллахыг уг тайланд тусгасан удаатай.
2019 онд дээрх Элчин сайдын яамныхан Монголын нөхцөл байдал арай дээрдсэн гэж үзсэн. Гэхдээ анхаарах зүйл бийг сануулсан. Ингэхдээ хууль, хяналтынхныг чимхээд авна лээ. Тухайлбал, уг тайланд “Хууль сахиулах байгууллагын зарим бага албан тушаалтнууд эл гэмт хэрэгт оролцсон гэсэн мэдээлэл байдаг ч, төрөөс хүний наймаанд хамсан оролцсон гэх албан тушаалтныг мөрдөн шалгасан, хэрэг үүсгэсэн, эсвэл ялласан талаар мэдээлээгүй” гэдгийг цагаан дээр хараар бичжээ.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа гэжээ. Гэхдээ өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн хүчин чармайлт нэмэгдсэн учраас Монгол Улсын зэрэглэлийг ахиулан, анхаарал татсан орны жагсаалтаас хасаж, хоёрдугаар шатлалд оруулснаа дурдсан. Тухайлбал, Засгийн газраас хүний наймааны гэмт хэргээс хохирогчдод үйлчилгээ үзүүлэхэд бага боловч санхүүжилт олгож эхэлснийг сайшаасан. Бас хилийн чанадад буй хохирогчдыг илрүүлж, эх оронд нь авчрах нь өссөн гэж дүгнэсэн байв. Хамгийн гол нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах тодорхой заалтуудыг оновчтой болгож, улмаар нийгмийн сүлжээгээр дамжуулан хүний наймааны зорилгоор бусдыг залилан мэхлэх явдлыг таслан зогсоох зорилготой хууль сахиулах шинэ кампанит ажил санаачилсан зэргийг тайланд дурджээ.
Ингээд дараах зөвлөгөөг өгсөн. Төрийн ба төрийн бус байгууллагуудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих, өргөтгөхийг тайланд тусгажээ. Хохирогч хамгаалах бусад хэлбэрийн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт төсөвлөх, хүний наймааны эрэгтэй хохирогчдод анхаарахыг зөвлөсөн байна. Тодруулбал, эр, эм, хүүхэд гэж ялгалгүй, ямар хэлбэрийн хүний наймаанд өртсөнийг нь үл харгалзан хилийн чанадад хүний наймааны хохирогч болсон Монгол Улсын бүх иргэнд үзүүлэх тусламжийн санг өргөжүүлэхийг тайланд тусгасан гэсэн үг. Ямар ч гэсэн дээрх тайлан гарсны дараа ХНХЯ-наас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Хүн худалдаалахын эсрэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2020 оны өмнөхөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй болон тус улсын Конгрессын Хүний наймаатай тэмцэх хэлтсийн ахлах зөвлөх Жейн Сигмон нарыг хүлээн авч уулзахдаа дээрх асуудлыг ярилцсан байдаг. Хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээллийг одоо өгье. Хөтөлбөрийг таван сая ам.долларын санхүүжилтээр 4-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж. Хүн худалдаалахын эсрэг олон улсын хөтөлбөрийн хүрээнд чухам ямар асуудалд түлхүү анхаарч ажиллахыг хоёр тал харилцан тохирч боловсруулах юм. Монголын талаас хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар ханган нийгэмшүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийхээс гадна мэргэжлийн боловсролын салбарын оюутан, залуус, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн асрамжийн төвийн ажилтнуудад хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох санал тавьжээ. Мөн хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар сургагч багш бэлтгэх, орон нутагт буй хуульчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллахыг хүссэн. Энэ мэтээр Монгол Улс өөрийн чадах хэмжээнд хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэж буй ч гарт баригдаж, нүдэнд үзэхдэх үр дүнгээр маруухан л байна.