Энэ онд барих болон засах 1902 км замын ажил өдгөө сонгон шалгаруулалтын шатанд байна
Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний цогц бодлогод авто замыг бүс нутгийн хөгжлийг дэмжих гол хөшүүрэг гэж үзсэн. Уг бодлогын дагуу 2021 он гэхэд 11 250 км урт хатуу хучилттай авто замын сүлжээ бий болгох зорилт дэвшүүлсэн байдаг. 1992-2012 онд 2100, 2012-2016 онд 3300 км хатуу хучилттай авто зам барьсан бол дээрх зорилтын дагуу одоогийн Засгийн газар үлдсэн замын ихэнхийг нь барьж, ашиглалтад оруулах ёстой. Энэ талаар мөрийн хөтөлбөртөө ч тусгасан байдаг. Тэгвэл 2017 онд 476.6, 2018 онд 370, 2019 онд 270 км зам барьжээ. Ингэснээр 10 943 км авто зам ашиглалтад оруулсан аж. Харин энэ оноос улсын хэмжээнд шинээр хэчнээн км зам, хаана, хаана барих бол. Мөн өмнөх онуудад эхлүүлсэн зарим ажил энэ онд дуусаж, нээх болов уу. Улсын чанартай авто замуудынхаа арчлалт, засвар шинэчлэлтэд хэр анхаардаг юм бол.
Одоогийн байдлаар манай улсын 21 аймгийн 19 нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Завхан, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажил үргэлжилж буй. Эдгээр замыг ирэх аравдугаар сард барьж дуусгахаар гүйцэтгэгч талуудтай гэрээ байгуулсан аж. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа “Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км замын ажлын гүйцэтгэл 38 хувьтай байна. Гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын “Чайна коммуникэйшн констракшн” компани ажиллаж буй. Цар тахалтай холбоотойгоор ажиллах хүчээ өмнөд хөршөөс татах боломжгүй болсон. Гэхдээ Засгийн газрын маргаашийн хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх байх. Харин Алтай-Байдрагийн гүүр чиглэлийн 126.7 км замын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй. Уг нь энэ замыг 2012 онд барихаар эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтаас болж хойшилсоор концессын гэрээний жагсаалтад багтаж, энэ жил “Макс рөүд” компани гүйцэтгэгчээр шалгарсан” гэв. Хэрэв энэ хоёр замын ажил гэрээний дагуу дуусвал 21 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох “урт” ажил шувтрах нь. Гэвч хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэгч, хууль бус зарим үйлдэл, улстөржилтөөс болж ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа хойшилсон, ажил нь зогссон тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 215 км авто замын ажил өдгөө зогсоод байгаа. Шинээр зам барих гэж хуучныг нь хусаад хаячихсан. Энэ хэрээр иргэд хохирч, эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон. Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сар, дараа нь ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна гэж албаныхан амласан ч амжихгүй бололтой. Дархан-Уулын замын хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барих бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулснаас 24 сарын дараа ажил дуусахыг салбарын яамныхан хэлсэн. Өдгөө зөвлөх болон гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах тендер зарласан гэнэ.
ХАТУУ ХУЧИЛТТАЙ 1902 КМ ЗАМ БАРИНА
Энэ онд авто замын салбарт 726.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үүгээр 123 чиглэлийн 1902.79 км авто зам барьж, 27 байршилд 1373.62 метр урт төмөр бетон болон модон гүүр барих бөгөөд улсын төсвөөс 284.5, гадаадын зээл, тусламжаас 394 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Мөн улсын чанартай замын засвар, арчлалтад 55 тэрбум төгрөг зориулах нь. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 137 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тусгаснаас өдгөө 69-ийг нь эхлүүлээд байгаа аж. Харин гадаадын зээл, тусламжаар долоон чиглэлийн 395.9 км зам засахаас одоогоор дөрвийг нь эхлүүлжээ. Тухайлбал, баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8, Азийн авто замын сүлжээн дэх 18.8 км урт, Баян-Өлгий аймгийн Өлгий хотыг тойрон гарах замыг барьж, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн Хүйтний хөндийн 60 км замыг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн байна. Өдгөө эхний замынх нь гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан бол бусад нь сонгон шалгаруулалтын шатанд байгаа аж. Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалангийн замыг холбох 120, Дархан-Уул-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120 км авто замыг концессын гэрээний дагуу барьж, Дархан-Уул-Алтанбулагийн замд төсвийн хөрөнгөөр ээлжит засвар хийх нь.
Говийн бүсэд Шартээгийн уулзвараас Цогтцэций хүртэлх 59.6, Тавантолгой-Гашуунсухайтын 250, Ханхонгор-Тавантолгой-Барууннаран чиглэлийн замын төгсгөлөөс Цагаандэл уул хилийн боомт хүртэлх 270 км замыг концессын гэрээний дагуу барих аж. Мөн баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум чиглэлийн 20.3 км замыг концессын гэрээний дагуу эхлүүлэх нь. Эдгээр замын ажил сонгон шалгаруулалтын шатанд явна. Гэхдээ сайдын багцад 137 төсөл, арга хэмжээ тусгаснаас орон нутагт хамаарах 39, нийслэлд харьяалагдах 13, ЗТХЯ-нд 13, мөн Худалдан авах ажиллагааны газар болон аймаг, сумын Засаг даргад эрхийг нь шилжүүлжээ. Зам барих, шинэчлэх ажлыг төсөвт тусгасан хуваарийн дагуу хэрэгжүүлэх бөгөөд жижиг ажлууд нь энэ ондоо багтаж дуусах ёстой бол томоохныг нь ирэх хоёр жилд үргэлжлүүлэхээр төлөвлөснийг хэлсэн. Тухайлбал, Зуунмод-Манзушир чиглэлийн хатуу хучилттай долоон км авто замыг 2021 онд барьж дуусах бөгөөд салбарын сайдын 2020 оны 31 дүгээр тушаалаар Төв аймгийн Засаг даргад эрх нь шилжжээ. Үүний тендерийг өнгөрсөн сарын 30-нд нээсэн бөгөөд ес хоногийн дараа дуусах аж. Өндөрхаан-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай зам барих ажил 2022 он хүртэл үргэлжлэх бол бусдыг нь энэ онд болон ирэх жилд дуусгах юм байна. (Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд барих замын ажлыг газрын зургаас харна уу)
Улаанбаатар хотод 52.5 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд 17.5 км уулзваруудыг өргөтгөж, 178.6 метр урт гүүр засах юм байна. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дөрвөн нүхэн гарц барихыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан хэлсэн. Тодруулбал, улсын төсвөөр 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ес, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаас 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гурван төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх гэнэ.
“ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ТӨСӨВ БАГА”
Жил ирэх бүр хэдэн тэрбумаар төсөв тусгаж, манай улсын авто замын сүлжээ тэлсээр байна. Гэвч авто замаа арчилж, засах ажил хэр хариуцлагатай, хяналттай байдаг бол. Уг нь Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын авто замын хөгжил-2016” нэртэй судалгаа гаргаж, зөвлөмж боловсруулсан аж. Үүнд “Авто замын санхүүжилт нь замын сүлжээг өргөжүүлэхэд хүрэлцээтэй мэт боловч засвар, үйлчилгээ хийхэд хүрэлцдэггүй. Үүний улмаас Монгол Улс замынхаа үндсэн хөрөнгийн ихээхэн хэсгийг алддаг. Сүлжээгээ өргөтгөснөөр ирэх 10 жилд арчлалтын ажил хоёр дахин нэмэгдэнэ. Ийн санхүүжилт дутагдсаар байвал энэ нь шинэ барьсан замын хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгож, богино хугацаанд эвдэрч, улмаар их хэмжээний засвар, үйлчилгээ шаардана” гэж зөвлөжээ. Түүгээр ч зогсохгүй хөрөнгө оруулалтын механизм, гүйцэтгэл, хариуцлагын тогтолцоог сайжруулж, авто замын барилгын үйлдвэрлэлийн хүний нөөцөө бүрдүүлэхийг санал болгосон байдаг аж.
Гэвч дөрвөн жилийн дараа мөн л авто замын арчлалт, засвартаа ахиухан хөрөнгө оруулалт тусгаж чадахгүй хэвээр байгаа гэнэ. Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа “Замын сүлжээний бүрэн бүтэн байдал, засвар, арчлалтыг төрийн 20, хувийн 12 компани хариуцдаг. Тэдгээр компани салбарын яамтай байгуулсан гэрээний дагуу улсын чанартай авто замд 45 шуурхай баг ажиллуулдаг. Мөн зам ашигласны төлбөр авах 20 цэг бий. Зам, тээврийн хөгжлийн төв тэдний үйл ажиллагаанд хяналт тавьдаг юм. Зам нэмэгдэх хэрээр засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийг төсөвт хангалттай суулгаж, ашиглалтын түвшнийг нь бууруулахгүйгээр сүлжээний бэлэн байдлыг хангах ёстой. Ингэж засвар, арчлалтаа сайн хийж чадахгүй явсаар тухайн зам 6-13 жилийн насжилттай болж, ээлжит, их хэмжээний засвар хийх шаардлага тулгардаг” гэсэн юм. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар улсын төсөв, гадаадын зээл тусламж, авто зам ашигласны төлбөр, импортын тээврийн хэрэгслийн албан татварын тодорхой хувийг авто замын сангийн эх үүсвэр хэмээн тодорхойлсон байдаг.
Эдгээрээс хамгийн голлох эх үүсвэр нь авто зам ашигласны төлбөр боловч замын арчлалт, засвар шаардах төсвөөс хэд дахин бага аж. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд авто зам ашигласны төлбөрт 8.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Гэвч улсын төсвөөс засвар, шинэчлэлтэд 55 тэрбум зарцуулсан гэнэ. Зарим зам засвартай учир төлбөр авахгүй, баруун бүсийн замуудад төлбөр хураах цэг байгуулаагүй учир ийн төсөв бүрддэггүй аж. Тиймээс энэ онд 10 орчим төлбөр авах цэг шинээр барих, хот тойрсон гурван цэгээ цахимжуулахаар дөрвөн тэрбум төгрөг төсөвлөснийг албаныхан хэллээ. Манай улсад тав хүртэлх жилийн насжилттай 3631, 5-12 жилийн өмнө барьсан, ээлжит засвар хийх шаардлагатай 1631, 13-аас дээш жил ашигласан, суурь их засвар шаардах 972 км зам байдаг гэнэ. Ийн жил ирэх бүр нэмэгдэх замынхаа засвар, арчлалтад анхаарахгүй бол замын салбарын хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, цаг хугацаа өнгөрөх хэрээр элэгдэж, эвдрэх нь.