Монголчууд, тэртусмаа өвлийн спортын тамирчид, сонирхогчид аль ч улиралд уралдаан тэмцээн, бэлтгэл хийх боломжтой, битүү дээвэртэй ордонтой болохыг мөрөөддөг байсан. Монголчуудын олон жилийн энэ мөрөөдлийг биелүүлэгч нь “Степпе арена” компанийнхан юм. Эдний санаачилгыг “Степпе купер”, UPS, “Ачит ихт”, МАК, “Монгол базальт” зэрэг манай үндэсний үйлдвэрлэгч компанийнхан дэмжин хөрөнгө оруулан, бүтээн босгож байна. “Мөсөн өргөө”-ний шавыг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 15-нд тавьсан юм. Бүтээн байгуулалт эхэлсний нэг жил өчигдөр болов. Өнгөрсөн зуны бороо барилгын ажлыг 28 хоног саатуулсан ч тэд алдсан хугацаагаа өвөл нөхсөн байна. Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий ордны ажил 75 хувьтай явж буйг бүтээн байгуулагчид өчигдөр хэвлэлийнхэнд, ТУЗ-ийн гишүүддээ танилцуулав. Дэлхийн олон оронд мөсөн гулгуурын талбай байгуулсан Австрийн AST компанийн мэргэжилтнүүд мөсөн дэвжээг удахгүй тавьж эхлэх аж. Дэлхийн сүүлийн үеийн дэвшилт техник, технологиор барьж буй эл ордон ашиглалтад орсноор манай өвлийн спорт шинэ шатанд гарч, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Эл ордныг мөсөн гулгуурын талбай төдийгүй цаг хүрэхгүй хугацаанд шалыг нь сольж, суудлынхаа тоог нэмж, урлагийн тайз болгож болно. Сагсан бөмбөг, волейболын тэмцээн ч хийх боломжтой. Хэдэн зуун тэрбумын өртөгтэй эл ордныг барьснаараа манай үндэсний үйлдвэрлэгчид нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулдаг, юуг ч бүтээн байгуулж чадна гэдгийг харуулж буй юм. Мөрөөдлийн “Мөсөн өргөө” ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.