Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Хүн бүр л өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд хөл хорионд “дасан зохицоод” гурван сар гаруй болж буй. Гэвч гэр орон, үр хүүхэдгүй иргэд өөрсдийгөө хамгаалж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тэдэнд амны хаалт битгий хэл хоол авч идэх мөнгө ч байхгүй. Хөдөлмөрлөж мөнгө олж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай хүмүүсийг цар тахлаас хамгаалахад төрөөс ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар сурвалжиллаа.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамжийн газар хамтран гэр оронгүй иргэдийг олох “Илрүүлэг” арга хэмжээ зохион байгуулжээ. Орон гэргүйн улмаас гудамжинд амьдардаг хүмүүсийг олж, нийгмийн хамгааллын тусгай төв болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхантай хамтран ажилладаг төрийн бус долоон байгууллагад түр асарч, хамгаалж буй аж. Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг, бидний хэлж заншсанаар Ханын материалын эцсийн буудалд байрлах, нийгмийн хамгааллын тусгай төвийг зорилоо. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн сарын 13-наас “Илрүүлэг” арга хэмжээг эхлүүлсэн. Улаанбаатарт 800 гаруй орон гэргүй иргэн байдаг, тэдний 50 орчим хувь нь эл арга хэмжээний үеэр үзлэгт хамрагдаж, түр хамгаалах төвүүдэд очжээ. Нийт 300 гаруй иргэнийг үзлэгт хамруулж томуу, томуу төст өвчтэй, халуунтайг нь эмнэлэгт хүргэн, бусдыг нь түр хамгаалах байранд аваачсан байна. Бидний очсон төвд анх 293 хүн ирсэн бөгөөд хагасыг нь төрийн бус байгууллагуудад шилжүүлж, 150 гаруйг нь хамгаалалтдаа авчээ.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийгмийн хамгааллын тусгай төвөөр жилд давхардсан тоогоор дунджаар гэр оронгүй 1000 гаруй хүн үйлчлүүлдэг гэнэ. Тэд хүссэн үедээ гарч, ордог. Тиймээс тэднийг үйлчлүүлэгчид гэж нэрлэдэг бөгөөд өглөөний цайгаа 09.00, өдрийн хоолоо 13.00, оройныхыгоо 17.00 цагт иддэг. Тус төвийн нийгмийн ахлах ажилтан Б.Нандинцэцэг “Хоолны цагаас бусад үед чийгтэй цэвэрлэгээ өдөрт хоёр удаа хийнэ. Мөн хоёр цаг тутамд гараа угааж, халуунаа хэмжүүлдэг. 11.00 цагаас ЭМЯ-ны мэдэгдлийг тогтмол үздэг. Өдөр бүр сургалтад хамрагддаж, тэмцээн уралдаан зохион байгуулдаг юм. Гэхдээ короновирусээс болоод олон хүн цуглахыг хориглосон учир тэмцээн зохиохоо больсон” гэв.
Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш дээрх төвийн үйлчлүүлэгчид гадагш гархаа больжээ. Мөн шинээр ирж буй хүмүүсийг эхний ээлжид тусад нь байлгаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болсон байна. Нэг өрөөнд 8-32 хүн амьдардаг. Зай талбай бага учир ачаалал ихтэй үед орнуудыг нь шахаж, олон хүн оруулдаг аж. Цар тахлын улмаас нэг өрөөнд амьдрах хүний тоог аль болох цөөлөхийг хичээж буйгаа дээрх төвийнхөн хэллээ. Тиймээс хашаандаа таван гэр барьжээ. Нэг гэрт зургаан хүн амьдардаг. Тус төвийн ачаалал короновирус дэгдсэнээс хойш эрс нэмэгдсэн учир гэр нэмж барьсан аж. Энэ төвд эмч, сэтгэлзүйч, ахлах аргазүйч тус бүр нэг, нийгмийн ажилтан дөрөв бий. Ганц л эмчтэй, ачаалал их учир хүмүүс өөрсдөө долоо хоногт хоёр удаа ариутгал хийдэг бөгөөд эмнэлгийн тусламж хэрэгтэй нэгнээ дагуулаад эмнэлэг явдаг гэнэ. Тэд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай хүнийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа “Энэрэл” эмнэлэгт хүргэдэг. Тус эмнэлэг нийгмийн хамгааллын тусгай төвтэй гурван жил тутамд гэрээ байгуулдаг. Багагүй хугацаанд хамтран ажилласан учир удаан үйлчлүүлсэн иргэдийн өвчний түүхийг эмч нар нь сайн мэддэг. Хамтран ажиллахад бэрхшээл тулгардаггүй гэж нийгмийн ажилтнууд нь ам сайтай байлаа.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах, сургалт, соёл, хүмүүжлийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Тус төвд даавуун уут оёх төсөл хэрэгжүүлж байгаа учир тэнд амьдардаг 100 гаруй иргэний зарим нь чөлөөт цагаа юм оёж өнгөрүүлдэг болжээ. Оёсон уут нь 2800-19 900 төгрөгийн үнэтэй. Даавуун уут оёхоос гадна бусдадаа амны хаалт хийж өгдөг. Мөн эргүүлд явж буй алба хаагчдад тараадаг юм байна. Өнгөрсөн хугацаанд тэд 600 гаруйг алба хаагчид хандивлажээ. Тус төвд амьдарч буй иргэн Ж.Чинбат “Би энэ газарт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд ирсэн. Намайг ирэхэд төсөл хэрэгжиж эхлэх гээд энэ өрөөг тохижуулж байлаа. Хэрэгжиж эхэлснээс нь хойш тасралтгүй л юм оёж байна. Даавуун уут дамжлагаар оёдог учир өдөрт хэдийг хийдгээ мэдэхгүй юм. Харин амны хаалт бол 50-60 хийчихдэг. Чөлөөт цагаараа зурагт үзэж, ном уншдаг. Орой нь хоолоо идчихээд усанд ороод унтдаг даа. Ер нь хөл хорио тогтоогоогүй байсан ч эндээс гардаггүй” гэв. Тэд өөрсдөө оёдог болоод ч тэр үү, амны хаалтгүй нэг ч хүн тэнд байсангүй.