Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Шинэ төрлийн коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд давхардсан байдлаар нийт 6790 алба хаагч 24 цагийн турш болон бусад хэлбэрээр ээлж цагаа зохицуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн орох гарах 9 товчоогоор 118 албан хаагч хяналт тавьж, бүртгэл хийж, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Өчигдөр өглөөний 8 цагаас өнөөдөр хүртэл 85418 иргэн Улаанбаатар хотоос орсон, гарсан. Нийт 24966 автомашин зорчсон тоон мэдээлэл байна.
Мөн дүүрэг хороо болгонд байгаа 1630 орчим хэсгийн ахлагч нар өнөөдрөөс Цагдаагийн Ерөнхий газраас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад сууж эхэлж байна. Сургалтынхаа дараа бүгд шалгалт өгч, тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгон ажиллана. Ингэснээр тэд зөрчлийн хуульд заасны дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болно.
Улсын онцгой комиссоор улсын хэмжээнд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь явуулах тухай чиглэл ирсэн. Гэхдээ нийслэлийн зүгээс аль болох иргэдийг хувийн автомашинаар зорчуулах, олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болох зорчуулахгүй байх тухай саналтай байгаа. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэр гараагүй. Онцгой байдал үүсвэл тухай бүрд мэдээлнэ. Нийслэл орох гарах хөдөлгөөнд хяналтуудаа тавин ажиллаж байгаа" гэлээ.