Нийслэлчүүдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулан аж ахуйн нэгжүүд дунджаар 15 000 тонн мах бэлтгэн нийлүүлдэг байжээ. Гэтэл сүүлийн 3-4 жил уг хэмжээг 4000-6000 тонн хүртэл багасгасан нь хаварт махны эрэлтийг өсгөн, үнийг нь хөөрөгдөх нэг шалтгаан болж байв. Өнгөрсөн онд гэхэд нөөцийн мах авахаар зарим худалдааны төвийн гадна урт дараалал үүсэж байсныг олон нийт мэдэж буй. Харин энэ жил хөнгөлөлттэй зээлээр, аж ахуйн нэгжүүд 12 000 гаруй тонн мах бэлтгэсэн аж. Үүнийг Улаанбаатарт 279 зах, худалдааны төв, дэлгүүрээр борлуулж эхлээд нэг сар орчим болж байна. Мөн үнийн хувьд нөөцийнх нь зах зээлд борлуулагдаж буй махнаас нэг кг тутамдаа 30-50 хувь хямд, иргэдийн эрэлтийг хангахад хүрэлцэхүйц байна хэмээн талархах хүн цөөнгүй тааралдав.
...Түүнчлэн цөөнгүй хүн нөөцийн махыг чанаргүй бэлтгэсэн, үс хялгас ихтэй, “бохир” хэмээн шүүмжилж буй бол зарим нь голж шилэх зүйлгүй, хямд үнэтэй хэмээн талархангуй байна...
Нөөцийн махыг “Миний дэлгүүр”, “Сансар” сүлжээ болон бусад жижиг дэлгүүр, худалдааны төвөөр борлуулж буй. Хөрөөдөж, жижиглэсэн ястай болон ясгүй махыг 2-4 кг-аар савлажээ. Дэлгүүрүүдэд нэг хүнд нэгээс илүү уут үхрийн мах олгохгүйг анхааруулж бичсэн нь үхрийн махны эрэлт их, нийлүүлэлт нь бага байгаатай холбоотой аж. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Миний дэлгүүр”-т өнгөрсөн баасан гаргийн 15.00 цагийн үед очлоо. Нөөцийн махны үнэ, төрлийг бичсэн том зарлалын самбар гаднаа байрлуулсан тус дэлгүүрт үхэр, хонь, ямааны савласан мах байсан ба худалдан авагч бага байв. Махных нь хэмжээ төдийлөн их биш санагдсан тул эрэлт нь хэр байгааг тодруулав. Худалдагч нь “Өглөө буюу 10.00 цагийн үед 200 гаруй кг мах хүргэлтээр ирдэг. Үдээс хойш ийнхүү багасаж, оройдоо дуусчих нь бий. Ер нь нийт махны 20-30 хувь нь үхрийнх, үлдсэн нь богийнх ирдэг. Мах авахаар дараалал үүсгээд, асууж сурч буй хүн цөөн, эрэлт, нийлүүлэлт тогтвортой байна” гэв.
“Саппоро” үйлчилгээний төв дэх “Мy mаrt”-д хөргүүртэй, нэлээд урт лангуунд нөөцийн мах өржээ. Барагцаалбал хонь, ямааны мах 10 гаруй уут буюу 30-40 кг байгаа бололтой. Харин үхрийнх нь дуусчихсан байв. Мах худалдан авч буй бүсгүйгээс өмнө нь нөөцийн мах хүнсэндээ хэрэглэсэн, эсэх, чанар нь хэр байгааг асуусан юм. Тэрбээр “Үхрийн мах нь олдоц муутай ч хонь, ямааных нь өөх, мах алагласан, туранхай биш, боломжийн байна. Харин бэлтгэсэн аж ахуйн нэгжээсээ шалтгаалдаг юм уу, зарим нь үс, хялгас ихтэй, бохир юм билээ” гэв. “My mart” дэлгүүрийн махны тасгийн худалдагч Г “Удахгүй мах бууна, ачилтад гарсан, ойрхон ирж байна гэсэн. Та үхрийнхийг авахаар бол бага зэрэг хүлээнэ үү” хэмээн тун эелдэг хэлж байв.
Өнгөрсөн бямба гарагт зарим худалдааны төвд нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт, эрэлт, иргэдийн сэтгэл ханамж хэр байгааг сонирхлоо. 17.00-20.00 цагийн үе тул дийлэнх дэлгүүрт мах багасаж үхрийнх нь мөн л дуусжээ. Бидний нэрлэж заншсанаар Сансарын тунел орчим дахь “Баясах” супермаркет нөөцийн мах борлуулах эрх авсан аж. Гэхдээ 19.00 цагт мах нь дууссан байв. Өдөрт хичнээн кг-ыг зарж буй, хэзээ мах ирэхийг нь зохион байгуулагчаас нь лавлахад “Манайх нэг өдөрт 100-150 кг мах борлуулдаг. Үүний 20-30 хувь нь үхрийнх бол үлдсэн нь богийнх. Ер нь цаанаасаа үхрийн мах бага хэмжээгээр ирүүлж байгаа. Баасан гарагт хүлээн авсан 140 кг мах дуусчихсан. Одоо даваа гарагт л хүргэлтийн мах ирэх болов уу” гэв. Уг дэлгүүрээс холгүйхэн, XIII хорооллын хойд талын автобусны буудлын дэргэд “Миний дэлгүүр”-ийн 120 дугаар салбар бий. Нийслэлд томоохонд тооцогдох тус худалдааны төвд хонь, ямааны мах элбэг, үхрийнх алга байв. Богийн мах нь хэт туранхай биш, алаг мах харагдав. Ямаа, хонины мах тус бүр нэг уутыг худалдан авч байсан Б.Цэндсүрэнгээс бүтээгдэхүүний чанар, хүртээмж хэр байгаа болон үнийн хувьд худалдан авах чадварт нь хэр нийцэж буйг лавлахад “Энэ жил нөөцийн махны хангамж сайн, элбэг байна. Үхрийнх нь ховор байгааг эс тооцвол богийн махыг голж шилээд байх юм алга. Гэхдээ өглөөгүүр мах “бууж” байхад нь ирвэл үхрийнхийг авах боломжтой. Үнийн хувьд ч зах зээлд дэх “нойтон” махнаас бараг хоёр дахин хямд байгаа нь олзуурхууштай. Мах үнэд ордог улиралд ийнхүү жижиглээд, зориулалтын орчинд савлаад, цэвэрхэн бэлтгэн, хямд үнээр борлуулж буйд талархаж байна” гэв.
Баянгол дүүрэг дэх “ТБД андууд” худалдааны төвийн дэргэдэх “Стар” дэлгүүрт нөөцийн мах борлуулж буй. Өнгөрсөн бямба гаргийн 17.00 цагт тэнд очиход тус дэлгүүрт богийн мах л байв. Нөөцийн махны нийлүүлэлт хэр байгаа талаар тус дэлгүүрийн зохион байгуулагч “Үхрийн мах хонь, ямааныхаас бага хэмжээгээр ирж байгаа. Бид нэг хүнд нэгээс илүү уут үхрийн мах олгодоггүй. Зарим үйлчлүүлэгч үхрийн махыг өөхгүй, бараан байна гэж шүүмжилж буй бол богийн мах элбэг, хүлээлт үүсгэхгүй, иргэд ч ам сайтай байгаа” гэв. Эдгээрээс харахад нөөцийн мах борлуулж буй дэлгүүрүүдэд богийн мах хангалттай ирж, иргэд ч хүлээлт, эрэлт үүсгэхгүй, сэтгэл хангалуун үйлчлүүлж байна. Харин үхрийн мах ховор байгаа бөгөөд хамгийн түрүүнд дуусчихаад байгаа аж. Аль ч дэлгүүрт үдээс хойш, оройдоо махны хэмжээ, сонголт багасаж, зарим төрлийнх нь олдохгүй байгааг харж болох нь. Түүнчлэн цөөнгүй хүн нөөцийн махыг чанаргүй бэлтгэсэн, үс хялгас ихтэй, “бохир” хэмээн шүүмжилж буй бол зарим нь голж шилэх зүйлгүй, хямд үнэтэй хэмээн талархангуй байна. Үүнээс гадна нийслэлд цөөнгүй салбартай “Дүүхээ” худалдааны төвд нөөцийн мах борлуулна гэж мэдээлсэн. Тус дэлгүүрийн хоёр ч салбарт очиход мах зараагүй байна. Учир нь бэлтгэн нийлүүлэгчид болон дэлгүүр хооронд тохиролцоонд хүрээгүйгээс мах борлуулахгүй байгааг зохион байгуулагч нь хэлсэн.
Жил бүрийн хаварт монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ өсөн, эрэлт нь нэмэгддэг. Тэгвэл нийслэлчүүдийг махаар хангадаг төв зах “Хүчит шонхор”-т өчигдрийн байдлаар үхрийн ястай мах кг нь 8500-12 000, цул нь 12 000-13 000 төгрөгийн үнэтэй байв. Харин хонины ястай нь 8000-8500, цул нь 8800-9000 төгрөг бол ямааны махыг ястайг нь 5800-7500, ясгүйг нь 7800-8000 төгрөгөөр борлуулж байсан. Тус захын махны борлуулагч Х.Гандолгор “Энэ хавар махны үнэ өнгөрсөн жилийнхээс кг тутамдаа 1000-2000 төгрөгөөр хямд байна. Эрэлт ч бага, борлуулалт тааруухан байгаа нь хөл хорионы улмаас гуанз, зоогийн болон амралтын газруудыг цагийн хязгаарт оруулж, бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийг хаасантай холбоотой болов уу. Мөн нөөцийн мах худалдаанд гарснаас хойш богийн махны борлуулалт бага зэрэг буурах хандлагатай болсон. Ер нь “Хүчит шонхор”-т их хэмжээгээр мал, мах худалдан авч, зарж буй борлуулагч цөөн буюу бөөний борлуулалт хумигдсан” хэмээн ярив. Ташрамд дурдахад, манай улс жил бүр 10-12 сая орчим толгой мал хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд насанд хүрсэн нэг хүн нэг өдөрт 270 грамм мах иддэг гэсэн судалгааг 2019 онд гаргасан аж. Энэ нь 10 жилийн өмнөхөөс нэг хүнд ногдох махны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн дүн гэнэ.