Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй хот” аян эхлүүлж, нийслэлийн зарим гудамж талбайд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэн, ариутгаж халдваргүйжүүлэх болсон. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт хуримтлагдсан хур хогийг уржигдар цэвэрлэлээ. Тус газарт 122 өрх амьдардаг бөгөөд 2000 оноос хойш нийтийн жорлон, ахуйн хог хаягдал нь хуримтлагдсаар, хөрсний бохирдол үүсгэсэн байжээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Хог хаягдлын нийтлэг үйлчилгээний газрынхан хур хогийг цэвэрлэж, нийтийн жорлонг буулган, дарж, 700 ам метр талбайг бетоноор хучсан аж.
Хог хуримтлагдаж орчны бохирдол үүсгэсэн бусад газрыг ч цэвэрлэж, ариутгах бөгөөд ирэх нэг сарын хугацаанд уг ажлыг гүйцэтгэнэ. Мөн нийтийн жорлонг буулгасантай холбоотойгоор зарим айлд зөөврийнхийг суурилуулах юм байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хур хогийг нь цэвэрлэсэн гудамж талбайд дахин хог, бохир ус асгахгүй байхыг иргэдэд уриалж, цаашид зориулалтын сав байрлуулан, хог ачих машины давтамжийг нэмэгдүүлнэ гэлээ.