Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ. Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв. Түүний дараа 2011, 2014 онуудад мөн л ийм утгатай актууд гарсан байдаг. Найман мянган ам метр талбайтай. Нийслэлийн өмчийн III байр хэмээн нэрлэгддэг. Гэвч нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой золгож байна. Дээр дурдсан актуудад үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар. “Урт цагаан”-ы барилга харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодотголтой гудамжинд байрлаж байна. Нийслэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий. Гэтэл тэнд гадаадынхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй.
Харин ч хотын өнгө үзэмжийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор нь ороход зарим хэсэгтээ дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр хана нь энд тэндээ нурчихсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Мөн уран дарханы газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг, шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний аминд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна.Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал, 2013 онд нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв. Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг. Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн Өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг. Одоо бас л энэ байшингийн асуудал сөхөгдөөд ирж. Нөгөө түрээслэгч нар нь их мөнгө нэхээд суучихаж. Түрээсээр эзэмшинэ гэдэг хувийн юм биш биз дээ.