Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өглөө.
Энэ үеэр хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэлэхдээ “65 мянган угаарын хий мэдрэгч БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа. Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байна. 65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана” гэв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын солиболцол өөрчлөгдөж, угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулсан" гэлээ.
Монгол Улсын нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухайд хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор томоохон газруудын сав газар, цас ихтэй нутгуудаар шар усны үер буух эрсдэлтэй бий. Иймд иргэд, аж ахуйн нэгжид шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Шар усны үертэй холбоотойгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм.
Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид Улаанбаатар хотын гурван авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, таван хяналтын цэгүүдэд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд 24 цагаар хяналт тавьж ажиллаж буй.НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил “Өнгөрсөн өдрүүдэд нийт 28900 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийлээ. Үүнээс 592 тонн нүүрс тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлтэй нэвтэрсэн 1152 тонн нүүрс тээвэрлэсэн 54 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн. Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хотод түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэнгүй” гэв.