“Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн сарын 21-нд Төрийн, Худалдаа хөгжлийн, Улаанбаатар хотын, Үндэсний хөрөнгө оруулалтын, ХААН, “Голомт”, “Чингис хаан”, “Капитрон” банктай Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ байгууллаа. Уг гэрээг байгуулснаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж, тэтгэврээ бүрэн авах баталгаатай болж буй юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” компани хаалттай хүрээнд 900 тэрбум төгрөгийн, таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй “Эрдэнэс” бонд гаргаж, үүгээр зургаан сая төгрөг хүртэлх тэтгэвэр барьцаалсан зээлтэй хүмүүсийн өрийг ийнхүү тэглэж байна. Мөн эл бондын хөрөнгөөс тэтгэврийн зээлгүй иргэдэд 2021 оны тавдугаар сарын 21-нд мөнгөжих нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх аж. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл нь нэг сая төгрөгөөс бага дүнтэй иргэдэд зохих хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх замаар байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нь тэнцүүлэх гэнэ. Жишээ нь, таны тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 500 мянган төгрөг байсан бол нэмж 500 мянган төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх нь. Ийнхүү ахмадуудад байгалийн баялгаас нэг сая төгрөгөөс доошгүй өгөөж хүртээх бодлого хэрэгжүүлэх юм байна.
Хаалттай хүрээнд гаргасан “Эрдэнэс” бондыг арилжааны банкууд худалдан авч байгаа. Өөрөөр хэлбэл, банкууд тэтгэврийн зээлийн авлагаа бондоор сольж байна гэсэн үг. Ингэснээр ямар нэгэн байдлаар мөнгөн санхүүжилт хийхгүй, санхүүгийн тайлан бүртгэлд бичилт л хийгдэх аж. Эл бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөртэйгөө нийлээд 1.1 их наяд төгрөгт хүрнэ. Хөгжлийн банкнаас бондын үндсэн болон хүүгийн төлбөрт нь хамтад нь баталгаа гаргажээ. Уг бондыг гаргаснаар 228 493 тэтгэвэр авагч зургаан сая төгрөг хүртэлх зээлээ тэглүүлнэ гэсэн мэдээллийг “Эрдэнэс Монгол” компанийнхан өгөв. Үүний 43 892 иргэн нь нэг сая төгрөгөөс бага тэтгэврийн зээлтэй аж. Тэгэхээр тэдгээрт тодорхой хэмжээний үнэт цаас эзэмшүүлж, нэг сая төгрөгийн өгөөж хүртээнэ гэсэн үг. Тэтгэврээ барьцаалан зээл аваагүй 194 807 иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх нь. Ингэснээр нийт 423 300 тэтгэвэр авагч байгалийн баялгийн өгөөжөөс хүртэх аж.
Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, шуурхай хэрэгжүүлсэн. Улмаар Салхитын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс силвер ресурс”-д шилжүүлсэн билээ. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх зөвлөмжийг өнгөрсөн оны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан. Үүний дагуу УИХ-аас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 10-нд баталсан юм. Дээрх гэрээг байгуулсан нь “Эрдэнэс Монгол” компанийнхан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр “Сар шинийн босгон дээр “Эрдэнэс Монгол” компани “Эрдэнэс” бонд гаргаж, арилжааны банкуудад шилжүүлж, улмаар тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор гэрээнд гарын үсэг зурснаар албажиж байна. Монгол Улсад байгалийн баялаг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитой хэрэгжиж байгаагийн жишээ энэ” гэлээ. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Бондын 66.3 хувийг ХААН, 22.3 хувийг Төрийн банк, үлдсэнийг нь долоон банк худалдан авлаа. Салхитын мөнгөний ордын шинэ техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд бид баяжуулах үйлдвэрээ яаралтай байгуулж, олборлолтыг богино хугацаанд ашигтай явуулах шаардлагатай тулгарсан. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд шуурхай ажиллаж байна” гэв.