Америкийн “Boeing” компани 737 MAX загварын хэд хэдэн онгоцны түлшний савнаас гаднын биет олдсоны дараа 400 гаруй шинэ онгоцыг дахин шалгалтад оруулсан тухай Bloomberg мэдээлэв. Багаж хэрэгсэл, даавууны өөдөс зэрэг нь захиалагчдын гарт очоогүй онгоцнуудаас олджээ. 737 MAX хөтөлбөрийн ерөнхий менежер Марк Женк дотоод зөвлөгөөнийхөө үеэр дээрх явдлыг "байж боломгүй зүйл" гэж мэдэгдсэн байна. Шатахууны саванд ямар ч гаднын биет үлдээгүй гэдгийг батлахын тулд нэмэлт хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ Bloomberg-ийн мэдээлж буйгаар тус компани эдгээр онгоцнуудын ашиглалтыг дахин хойшлуулахгүй бололтой. Өмнө нь Boeing компани737 MAX нислэгийг энэ оны дунд үеэс сэргээхээ мэдэгдэж байсан юм. 737 MAX загварын онгоцны нислэгийг нисгэгчдийн үйлдлээс үл хамааран системийн буруу үйл ажиллагаанаас болсон хоёр ослын дараа АНУ болон бусад олон улсад өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш түр зогсоогоод байсан юм. 2018 оны 10-р сард Индонез улсад Lion Air компанийн онгоц, 3-р сард Этиопын агаарын хөлөг осолдож нийт 346 хүн амь үрэгдсэн билээ. Boeing компани эдгээр дутагдлыг арилгаж, нисгэгчийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэсэн байна. 2019 оны 12-р сард тус компани 737 MAX онгоцны үйлдвэрлэлийг 2020 оны 1-р сараас эхлэн түр зогсоох шийдвэр гаргасан аж.