Японы Канагава мужийн Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх зорчигчид дунд ОХУ-ын иргэнээс коронавирусын халдвар илэрчээ. Энэ тухай Япон дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав. “Японы эмч нар хөлөг онгоцонд байгаа хүмүүсээс “COVID-19” коронавирусний шинжилгээ авах үеэр ОХУ-ын иргэнээс энэ вирус илэрчээ. Түүнийг ойрын хугацаанд эмнэлэгт хүргэх бөгөөд тэнд эмчилгээ хийлгэнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Энэ нь Оросын иргэд дунд коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол болж байгаа аж. Үүнээс гадна тус хөлөг онгоцон дээрх өөр 99 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 454 болсон тухай өмнө нь мэдэгдсэн юм. “Diamond Princess” аяллын хөлөг онгоц Ёкохамагаас 1 дүгээр сарын 20-нд гарч, 2 дугаар сарын 3-нд эргэж ирсэн юм. Зорчигчид дунд шинэ төрлийн коронавирус илэрсэн Хятадын иргэн байжээ. Үүнтэй холбогдуулан, Японы эрх баригчид аяллын хөлөг онгоцыг хөл хорионд байлгах шийдвэр гаргасан юм. Хөлөг онгоцон дээр байгаа хүмүүсээс коронавирусний шинжилгээг үргэлжлүүлэн авсаар байгаа бөгөөд хариу нь сөрөг гарсан хүмүүсийг энэ долоо хоногийн баасан гарагт буулгахаар төлөвлөжээ.