2016 оны дөрөвдүгээр сарын 22. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргаснаар тухайн жилийн УИХ-ын ээлжит сонгуулийг холимог хувилбараар буюу мажоритар 48, пропорциональ (хувь тэнцүүлсэн) хэлбэрээр 28 гишүүн сонгох “төлөвлөгөө”-г тасалж орхисон. Тодорхой хэлбэл, УИХ 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай (“нэгдсэн” гэгддэг, өдгөө УИХ, Ерөнхийлөгчийн, “Орон нутгийн” гэж салгаж буй) хуулийн 7.1.1-т “хувь тэнцүүлсэн”, 120.3-т “УИХ-ын 48- аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн нь Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно”, 21.3-т “УИХ-ын гишүүнээр 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн Цэц шийдвэрлэсэн.
...Үндсэндээ УИХ-ын сонгуулийн тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн 11 өргөдөл, мэдээллийг 18 иргэн гаргаад байгаа нь энэ. Эдгээрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 гаруй зүйл, заалт хөндөгдөж байгаа юм билээ. Тэдгээрийн дунд зөвхөн нэг заалтыг хөндсөн, ижил агуулгатай хэд хэдэн заалт бийг дахин тэмдэглэе...
Ийнхүү Цэц “Баталсан хууль чинь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна” гээд УИХ руу Сонгуулийн тухай хуулийг нь “шидэхэд” хууль тогтоогчид олон юм ярилгүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, тойрог, мандатын хуваарилалтаа хүчингүй болгож, тавдугаар сарын 12 гэхэд шинээр 76 тойрог байгуулчихсан байв. Хэдийгээр тухайн үед, сонгуулийн жил гарав уу, үгүй юү “Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хуулийн зохицуулалтыг Цэц дээр “унагаад”, жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог байгуулах юм гэнэ лээ”, “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар АН, МАН, МАХН тохирчихсон” гэх мэт яриа чих дэлсэж байсан ч санал хураалт болохоос ердөө хоёр сар хүрэхгүйн өмнө цуу үгс батлагдаж, хуульчлагдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, 45 хоногийн дотор хамаг “юмаа” амжуулсан байдаг юм.
Тэгвэл өдгөө энэ түүх давтагдах уу. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх 10 өргөдөл Цэцэд ирээд байна, одоогоор. Мөн уг хуульд нийцүүлэн баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоол ч Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж нэр бүхий хуульчид өнгөрсөн баасан гарагт Цэцэд хандаад байна. Тогтоолын тухайд тодруулбал, УИХ-ын 76 мандатаас Улаанбаатар хотод 24-ийг хуваарилсан нь Үндсэн хуулийн 1.2, 2.1-ийг зөрчиж байна гэж хуульч Т.Бат-Оргил, Д.Миеэгомбо нар нийслэлийн иргэдийн өмнөөс Цэцэд мэдээлэл гаргажээ. Үндсэн хуулийн 2.1-ийн дагуу нэгдмэл улс болохын хувьд хүн амын тоогоо хувь тэнцүүлж, мандат, тойргоо хуваарилах ёстой гэж тэд үзэж буй аж. Тэдний гаргасан мэдээлэлд “Төрийн нэгдмэл байгууламжтай Монгол Улсын сонгуулийн тойргууд нь тухайн тойрогт суугаа хүн амын тоонд илтэд хувь үл тэнцэх тооны мандат хуваарилж байгаа нь тойргуудын эрх зүйн статусыг холбооны муж улстай адилтган үзэж байгаа агуулгаараа Үндсэн хуулийн дээр дурдсан заалт, түүгээр тогтоосон зарчмыг бүхэлд нь үгүйсгэн зөрчиж байна” хэмээн онцолсон байна.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээллийн дийлэнх нь авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүний нэр дэвших эрхийг хязгаарласан агуулга бүхий заалттай холбоотой. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Н.Энхбаярын” гэх албан бус тодотголтой нэг заалт бий нь энэ юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт. Иргэн Л.Мөнхсайхан, Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд дээрх шалтгаанаар мэдээлэл гаргасан. Үүнээс өмнө иргэн А.Кадырбек мөн ижил үндэслэл тавьж хандаад буй. Түүнчлэн гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан хэмээн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж Цэцэд мэдээлэл гаргасан. Цаашлаад нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл бий.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 6-нд Р.Гончигдорж (УИХ-ын дэд дарга асан) нарын иргэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1, 6.2. 72.1 нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн мэдээлэл гаргажээ. Уг хуулийн 6.1-д “Сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй”, 6.3-т “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан бол 72.1-т нь “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” хэмээжээ.
Үндсэндээ УИХ-ын сонгуулийн тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн 11 өргөдөл, мэдээллийг 18 иргэн гаргаад байгаа нь энэ. Эдгээрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 гаруй зүйл, заалт хөндөгдөж байгаа юм билээ. Тэдгээрийн дунд зөвхөн нэг заалтыг хөндсөн, ижил агуулгатай хэд хэдэн заалт бийг дахин тэмдэглэе. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн хүрээнд, тэр тусмаа ганцхан заалтыг “мэрж” Цэцэд хандсан ийм олон тохиолдол бараг үгүй болов уу. Тиймээс ч Үндсэн хуулийн цэц эдгээр мэдээллийн дагуу маргаан үүсгэж, хуралдаан зарлах уу, өдий болтол яагаад таг чиг байна, ялангуяа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхгүйн тулд сонгуулиас наана хуралдахгүй, шийдвэр гаргахгүй юм биш биз дээ, халдварт вирусийн тархалтыг хянах зорилгоор тогтоосон хөл хориогоор далимдуулан хуралдаанаа хойшлуулж, эрх баригчдад үйлчлээд байгаа юм биш үү гэх мэт хардлага, шүүмжлэл ч хөвөрч байна.
Үнэхээр ч иргэн А.Кадырбек гэхэд л УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлагдмагц Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Тэр мөчөөс тооцвол түүний мэдээллийг хэлэлцэлгүй бараг хоёр сар болох гэж байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар өргөдөл, мэдээллийг хүлээн авсан Цэцийн гишүүн 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэх ёстой. Улмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Магадгүй маргаан нь ээдрээ, төвөгтэй бол уг хугацааг сунгаж болно. Ер нь өргөдөл, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Цэцийн гишүүн заавал хариу өгдөг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэзээ хуралдахаа зарладаг. Харин энэ талаар өнөөдрийг хүртэл ямар нэг чимээ анир алга.
Иргэн А.Кадырбек УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй, тус хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлээгүй байхад нь мэдээллээ гаргасан учраас түүний өргөдлийн талаар судлуулж, маргаан үүсгэх, эсэхийг шийдэхээр Цэцийн аль нэг гишүүнд хуваарилаагүй байсныг тухайн үед албаны эх сурвалж хэлж байсан. Нөгөө талаас УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой өргөдөл, мэдээлэл тасрахгүй байгаа учраас тэдгээрийг аль нэг гишүүнд шууд хуваарилах нь төвөгтэй байдаг аж. Тэгээд ч Цэцийн гишүүн өргөдөл, мэдээллийг хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэх талаар шийдвэр гаргахаас авхуулаад дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүртэлх бүхий л хуулийн хугацааг хамгийн сүүлийн өргөдлийг хүлээн авснаас тооцдог гэнэ. Тэгэхээр УИХ-ын сонгуультай холбоотой өргөдлүүдийг шийдэх хуулийн хугацааны “тоолуур” өнгөрсөн баасан гаргаас эхэлж байж ч мэдэх нь. Гэхдээ зарим өргөдөлтэй холбоотойгоор Цэцийн гишүүний шаардсан лавлагаа, мэдээллийг УИХ-ын Тамгын газар хурдан шуурхай гаргаж өгөхгүй байгааг эх сурвалж өгүүлсэн.
Хэлэлцүүлгийн шатанд ихээхэн маргаан дагуулж, батлагдаагүй байхдаа л Цэцэд “дуудагдсан” УИХ-ын сонгуулийн тухай хууль өргөдөл, мэдээлэлд даруулж явна. Цаашид ч түүнтэй холбоотой өргөдөл Цэцэд ирэхийг үгүйсгэхгүй. Гэвч 2016 оны тохиолдлоос харвал Цэцийн гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх хугацаа хангалттай байгаа мэт. Харин Үндсэн хуулийн цэц дээрх асуудлуудыг хөндөж, хуралдаан зарлах, цаашлаад гаргасан шийдвэрийг нь үнэмлэхүй олонх бүхий УИХ хүлээн авч, гүйцэлдүүлэх, эсэх нь эргэлзээтэй хэвээр.