Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Айсултан Назарбаев Их Британи улсаас улс төрийн орогнол хүссэн тухайгаа тэрбээр Facebook хуудсаараа мэдэгджээ. “Одоогийн байдлаар манай гэр бүлийнхэн надад төрөл бүрийн дарамт учруулах гэж хичээж байна. Тиймээс намайг ийм эрс шийдвэр гаргахад хүргэлээ” гэж Айсултан Назарбаевын бичсэнийг Lenta.ru сайт нийтэлжээ. Назарбаевын ач хүүгийн үзэж байгаагаар эл дарамт “Казахстаны ард түмнээс хулгайлагдсан олон тэрбум долларын” тухай мэдээлэлтэй холбоотой аж. "Чухамхүү юу болоод байгаа, яагаад гэдгийг хүмүүс мэдэх цаг нь болсон" гэж тэрбээр бичжээ. Түүний үгээр энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Британийн “The Times” сонинд өгсөн ярилцлагаас олж болох (ярилцлага нийтлэгдсэн өдрөө заагаагүй байсан) аж. Мөн тэрбээр "Орос, Казахстаны засгийн газар хоорондын томоохон хэмжээний авилгын тухай жишээ дурдсан байна. Тухайлбал Оросын “Газпромтой” байгуулсан гэрээний талаар дурджээ. Назарбаевын хэлж буйгаар тус гэрээний хүрээнд " хавсралт компани байдаг бөгөөд тэр компани жилд 1.5 тэрбум долларын ашиг олдог аж. Тэр мөнгө Сингапурт төвлөрдөг бөгөөд Оросын өндөр албан тушаалтнуудын дунд хуваагддаг юм байна. Ерөнхийлөгч асан Назарбаевын охин Дарига (Казахстаны Сенатын дарга) болон түүний хоёр дахь нөхөр Кайрат Шарипбаев нар эл гэрээг хувьдаа авахыг хүсэж, тэрхүү "шуналын асуудалд өөрийг нь хутгалдуулж" байгааг Айсултан Назарбаев дурджээ. Айсултан Назарбаев Их Британид хааны цэргийн академийг төгсөөд Казахстаны Батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газар ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Назарбаевын том охин Дарига болон түүний анхны нөхөр Рахат Алиевын нарын дундаас гарсан хүү юм. Түүний эцэг Рахат Алиев нь 2015 онд Вен хотын шоронд өөрийгөө боомилсон шинжтэй олджээ. Тэрбээр “Нурбанкны” ерөнхий менежерийг алсан хэргээр баривчлагдан, шүүхээр орох гэж байсан аж.