Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлыг 2013 оноос эхлүүлсэн. Манайд өмнө нь ийм ажил хийж байгаагүй. Тиймдээ ч туршлага дутаж, дахин төлөвлөлт “дампуурсан” удаатай. Дулаан орон сууцад орж, ая тухтай амьдрах нь гэж итгэсэн иргэд газраа чөлөөлсөн ч зарим барилгын компанийн хариуцлагагүй байдал, улстөрчийн бодлогогүй үйлдлээс болж, орон гэргүй тэнүүчлэн, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон.
Дахин төлөвлөлт нь нэг талаар нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, өнгө үзэмжтэй хот болгон хөгжүүлэх, нөгөөтээгүүр, иргэдийг дулаан орон сууцад, тохилог амьдруулах зорилготой төсөл. Энэ төслийг хэрэгжүүлэх нь зөв ч, ямар бодлогоор зохицуулж, хэрхэн урагшлуулах нь чухал. Тэгвэл өдгөө долоон жилийн настай дахин төлөвлөлтийн төслийн өнгө ямар байна вэ гэвэл “Үзэмж орж эхэлжээ” гэж хариулъя. Гэхдээ төсвийн мөнгийг үргүй зарцуулж, зарим иргэнийг хохироож, улстөржүүлж, төслийг удаашруулсныг эс тооцвол шүү дээ. Товчхон хэлэхэд, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил хууль, эрх зүйн орчноор хангагдаж, хариуцдаг эзэдтэй болж, ганц барилга барих биш, цогц төлөвлөлт бүрдэж, иргэд олон хувилбараас сонгон, уян хатан нөхцөлөөр байранд орох боломж бүрджээ.
Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигтэй уялдуулан, гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбон, олон давхар орон сууцын хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ талаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал “2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 26 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлж буй. Одоогоор 38 хэсэгчилсэн талбайг 34 аж ахуйн нэгж дахин төлөвлөж байна. Газар чөлөөлсөн ч барилга бариагүй 13 аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарласан. 2013 оноос хойш 10 000 орчим айлын орон сууцыг ашиглалтад орууллаа” гэв. 26 байршлын 76 хэсэгчилсэн талбайг багасган хувааж, нэг компани 10 га-гаас багагүй газар хариуцаж, төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч одоогоор барилгуудаа бүрэн барьж, дуусгасан тохиолдол үгүй аж. Сонгогдсон байршлын заримд нь нийслэлийн газар төлөвлөлтийн бодлогын дагуу сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж, орон сууц зэргийг цогцоор нь барих зураг төсөлтэй гэнэ. Гэвч өдгөө компаниуд хариуцсан нэгж талбарынхаа дөнгөж 1-2 га газарт барилга барьжээ. Учир нь манай улсад төлөвлөгөөний дагуу, товлосон хугацаанд цогц байдлаар барилга, сургууль, цэцэрлэг барьж, ашиглалтад оруулах эдийн засгийн чадавхтай компани тун цөөн аж. Нөгөөтээгүүр, орон сууц худалдаж авах, байрны 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай иргэн ховор учир барилгын компаниуд эрэлтэд тулгуурлан ажиллаж буй юм байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийн тухай 2013 оноос ярьсан ч гурван жилийн өмнөөс л барилга угсралтын ажил эхэлсэн түүхтэй.
ОЛОН ТӨРӨЛТ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Ийнхүү гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах ажил удааширсан тул холбогдох байгууллагынхан бодлогоо өөрчлөн, шинэчлэхээс аргагүй болжээ. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгж хоорондын харилцааг зохицуулагч гуравдагч этгээд болох Орон сууцын дэд бүтцийн газар, Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК) хэмээх хоёр байгууллага бий. НОСК-ын хувьд өнгөрсөн оны намраас нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гэр хорооллын 19 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болсон. Тус корпорац нь сонгогдсон бүсэд нэг дор дөрвөн га-гаас багагүй талбай чөлөөлөх бөгөөд иргэд нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргавал газрыг нь орон сууцаар солих зарчмаар ажилладаг. НОСК “Буянт-Ухаа 2” хороололд 388 айл оруулахаар ажиллаж буй юм. Энэ талаар тус байгууллагын Газрын менежментийн хэлтсийн дарга М.Эрдэнэбулган “Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн XVI, Сонгинохайрханы IX хорооны иргэд нэгдэн, нийт 8.5 га газрыг чөлөөлөх хүсэлт гаргасан.
Өдгөө иргэний үл хөдлөх хөрөнгийг үнэлж, гэрээ байгуулах шатанд явна. Хүсэлт гаргасан иргэд аль болох хурдан тохиролцвол “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцад нүүж орох юм. Одоогоор сонгогдсон газруудын зураг төслийг гаргаагүй. Зарим иргэн газраа чөлөөлөхгүй бол талбайн хэмжээ өөрчлөгдөнө. Гэхдээ хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулж, зураг төслөө боловсруулна. Энэ удаад Азийн хөгжлийн банк, нийслэлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх болсон. Мөн хувийн хэвшлийнхэн ч манайд хандан, төсөл хэрэгжүүлэх боломж нээлттэй” гэв. Тус корпорац гэр хорооллын дахин төлөвлөлтийг олон төрөлт бодлогоор хэрэгжүүлж буй гэнэ. Олон төрөлт бодлого гэдэг нь зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, түрээслэх, түрээслээд өмчлөх, газраа байраар солих зэрэг уян хатан нөхцөл юм. Түүнчлэн дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин ч бүрджээ. Тухайлбал, Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийг 2015, Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах үйл ажиллагааны журмыг 2018 онд, Түрээсийн орон сууцад хамруулах журмыг өнгөрсөн жилээс мөрдсөн. Энэ мэт зургаан хууль, долоон журмын дагуу дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтийн үед үүсдэг төвөгтэй харилцааг хуулиар зохицуулдаг болжээ.
Үүнээс гадна компаниуд өөрсдөө дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дахь “Содон” орон сууцын хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн босгожээ. Ийм байдлаар гэр хорооллыг нэг талаар бизнесийн ашиг олох боломж хэмээн харж, мөн нийслэлээ хөгжүүлж, өнгө үзэмжтэй болгох ухамсар зарим аж ахуйн нэгж, хувь хүнд бий болсныг ч холбогдох албаныхан хэллээ.
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажилд алдаа, оноо цөөнгүй байсан ч дутагдлаа зассаар байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд анхнаасаа хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан, сургууль, цэцэрлэг, авто зогсоол бүхий орон сууцын хотхон барихаар төлөвлөсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд барилгын ажил удааширсан учир цогц бүтээн байгуулалт босгоно гэдгийг мартжээ. Хэдий цогц байдлаар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч аж ахуйн нэгжүүд эхний ээлжид барилга барьж, борлуулах ажлаа гүйцэлдүүлж иржээ. Өдгөө зарим нь орон сууцын хорооллоо босгож, сургууль, цэцэрлэгээ барьсан бол нөгөө хэсэг нь барьж эхлэх юм. Тухайлбал, “Бэрэн” групп Сүхбаатар дүүргийн VII, XI хорооны нутаг дэвсгэрт орон сууцын 37 барилга, 600 хүүхдийн сургууль, цэцэрлэг барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Өдгөө “Хангай” хотхоны орон сууцуудыг хэдийн барьж, ашиглалтад оруулаад зогсохгүй, сургууль, цэцэрлэг босгож, төслөө амжилттай хэрэгжүүлж буй юм.
Ташрамд дурдахад, Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу төр дахин төлөвлөлтийн орон сууцыг инженерийн шугам, сүлжээгээр хангаж, зам барих үүрэгтэй. Харин төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь барилгаа өөрийн хөрөнгөөр босгох, газраа чөлөөлсөн иргэдийг нүүлгэх, түр суурьшуулах зардлыг гаргах ёстой. Өнгөрсөн онд нийслэл 15 тэрбум төгрөг гаргаж, дахин төлөвлөх газрууд руу инженерийн шугам сүлжээ татжээ.
УЛС ТӨРТЭЙ “ХОЛИХ” ЁСГҮЙ
Хэрвээ та нэг өрөө байрыг хоёр өрөө орон сууцаар солих сайхан саналд хууртагдан, байргүй хоцорсон бол яах вэ. Энэ мэтийн залилангийн шинжтэй үйлдэл дахин төлөвлөлтийн үеэр гардаг аж. Жишээлбэл, гэр хороололд амьдардаг 68 настай иргэн Б ганц өмч болох хашаа байшин, газраа орон сууцаар солих гэрээ байгуулж, түр суурьшуулах байранд амьдарлаа. Иргэн Б дулаан байранд амьдарч, хүүдээ түүнийгээ өвлүүлэх хүсэлтэй учраас тэр. Гэвч байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүртэл иргэн Б-гийн сэтгэл амрахгүй. Энэ хугацаанд түүнд орон сууц олгох ёстой барилгын компанийн ажил удааширч, хүлээлгэсээр. Гэвч эцэст нь нэгэн улстөрч дундуур нь орж, дахин төлөвлөлт удааширлаа гэж хариуцлага тооцон, өнөөх компанийн эрхийг цуцалдаг. Тухайн улстөрч зөвхөн газраа чөлөөлөөгүй иргэдийн саналыг авахын тулд дахин төлөвлөлтийн төсөлд гай тарьчихав. Иргэн Б сэтгэл санаагаар унан, байрандаа орж чадалгүй хорвоог орхиж ч мэдэхээр болов. Энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгож, түр суурьшуулах зардлыг хэн олгох нь тодорхойгүй болох зэрэг хүндрэлтэй асуудал үүсэх нь. Уг жишээгээр дахин төлөвлөлтийг хэн нэгэн өөртөө оноо авах зорилгоор ашигласны балгаар барилгын компани, иргэн хэрхэн хохирч буйг харуулав. Энэ байдлаас үүдэж, иргэд хашаа, байшин, газраа өгөхгүй, дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлгүй болчих вий. Тиймээс цэцэглэж буй дахин төлөвлөлтийг улстөржүүлэх сэдэв бүү болгоосой гэж иргэд хүсэж байлаа.