Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.01.29/ Европын парламент(ЕП) Их Британийг Европын Холбооноос (ЕХ)гарах тухай гэрээг олонхийн саналаар баталжээ. Гэрээг 631 гишүүн дэмжиж, 49 нь эсрэг санал өгсөн бол 13 хүн түдгэлзсэн байна. Өмнө нь Eвропарламентын Үндсэн хуулийн хороо уг гэрээг соёрхон батлахыг дэмжсэн тул ийм шийдвэр гарах нь ойлгомжтой байсан юм. Brexit-ийн гэрээг Их Британийн парламент 1-р сарын эхний хагаст баталсан билээ. Түүний дараа гэрээг Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын комиссын тэргүүлэгч Урсула фон Ляен нар гарын үсэг зурсан байна. Дараагийн ба эцсийн алхам бол ЕХ-ны Зөвлөл батлах явдал юм. ЕХ-ны Зөвлөл өнөөдөр буюу Пүрэв гарагт шийдвэрээ гаргах аж. ЕП-ийн дарга Дэвид Сассоли уг баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа Британийн гишүүдэд хандан "Бид бүгдээрээ энэ бүх хугацаанд ойр дотно харилцаатай байж, мөр мөрөө түшин ажилласан хамтрагч болон холбоотноо алдаж байна. Тавин жилийн нэгдмэл байдал тийм ч амархан алга болж чадахгүй. Бид иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг үргэлж харгалзан шинэ харилцаа бий болгохын төлөө ажиллах ёстой” гэж хэлжээ. Тэрбээр талууд хүнд хэцүү мөчүүдийг даван туулах хэрэг гарах бөгөөд тэр болгонд ойлголцолд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Та бүхэн Европын Холбоог орхин гарч байна, гэхдээ та бид нарыг гөв гүнзгий нэгтгэдэг тэр л үнэт зүйлсээрээ Европын нэгээхэн хэсэг хэвээр үлдэнэ” гэж Сассоли хэлсэн байна. Мөн тэрбээр “Эрхэм Британийн анд нөхөд өө, та нарт “баяртай” гэж хэлэх мэдээж хэрэг их хэцүү байна. Тиймээс бусадтайгаа хамт “дараа уулзъя” гэж хэлье” хэмээн үгээ төгсгөжээ.