Дэлхийн улсуудын авлигын төсөөллийн индексийн 2019 оны дүнг зарлалаа. 2018 онд манай улс 37 оноотойгоор дэлхийн улсуудаас 93-т эрэмбэлэгдэж байв. Энэ удаа Монгол Улс 100 оноо авахаас 35 оноо авч, 13 байраар ухран 180 орноос 106-д жагсжээ. Германд төвтэй “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллага 13 эх үүсвэрээс мэдээлэл цуглуулж, авлигын энэхүү индексийг гаргадаг. Эдгээр эх сурвалжийн ес нь Монголд бий. Тодруулбал, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Швейцарын IMD байгууллага зэргээс гаргасан судалгаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын бизнес эрхлэгчдээс авсан асуумжид тулгуурлан эрэмбэ тогтоожээ. Авлигын индекс буурахад улстөрчид шууд нөлөөлсөн гэнэ.
Тухайлбал, УИХ 2020 оны төсвөө хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан, иргэдэд ашиггүй улс төрийн шийдвэр гаргадаг, улс төрийн намууд эдийн засагтаа хор хөнөөлтэй, биелэх боломжгүй амлалт өгсөн, сонгуульд нэр дэвшигчид хандив нэрээр бохир мөнгө авсан нь ийм дүн тавиулахад нөлөөлжээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд тендерт шалгарахдаа улстөрчдөд, өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд шүүгч нарт авлига өгдөг хэмээсэн байна. Мөн Монголын Улсын Засгийн газраас гадаадын улс орнуудад тавьсан өр маш өндөр байгаагаас гадна 2021 оноос төлж эхлэх болсон нь авлигын индекс буурахад нөлөөлжээ. Манай улсын төсөв аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын татвар, хүн амын орлогын албан татвар, уул уурхайн салбарынхны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэргээс бүрддэг. Төр, засаг нь төсөв бүрдүүлж буй аж ахуйн нэгж, иргэддээ саад тотгор учруулахуйц оновчгүй бодлого хэрэгжүүлдэг нь Монголын авлигын индексийг ийн ухраасан гэж “Транспэрэнси интернэшнл”-ийнхэн танилцуулсан юм.