Холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын тамирчин Конор Макгрегор хоёрыг дахин тулалдуулахыг хүсвэл 100 сая долларын шагналын сан хэрэгтэй гэж Оросын тамирчны аав Абдулманал Нурмагомедов мэдэгджээ. “Бид мөн адил Конортой хариу тулаан хийхийг хүсэж байна. Гэхдээ 100 сая доллар өгөх хэрэгтэй. Фергюсонтой хийсэн тулааны маргааш нь энэ мөнгийг өгвөл яагаад хариу тулаан хийж болохгүй гэж. Дэйна Уайт магадгүй өөрөө ийм тулаан зохион байгуулахыг хүсэх ч юм билүү” гэж тэрбээр хэлжээ. Ирландын зодоонч Макгрегор нь жил гаруй тэмцээн уралдаанаас холуур явсны эцэст энэ сарын 19-нд “ММА”-ийн дэвжээнд эргэн ирсэн юм. Тэрээр “UFC 246” тэмцээний гол тулаанд 36 настай Америкийн тамирчин Доналд Серроныг 40 дэх секундэд нокаутаар ялсан юм. Эл тулаанд Макгрегорыг ялалт байгуулж чадвал Нурмагомедовтой тулах магадлалтай гол тамирчдын нэг болно гэж “UFC”-ийн тэргүүн Дэйна Уайт өмнө нь ярьсан байна. Макгрегор, Нурмагомедов хоёр 2018 оны аравдугаар сард тулахад Оросын тамирчин ялсан билээ. Тоглолтын өмнө өрсөлдөгчид нэг нэгнийхээ талаар тун тааламжгүй мэдэгдлийг хийж байснаас болж тулааны дараа тамирчид болон багийн гишүүдийн хооронд зодоон болсон юм. Үүнээс болж Макгрегор, Нурмагомедов нар тодорхой хугацаагаар дэвжээнд гарах эрхээ хасуулсан билээ. Мөн Оросын тамирчин 500 мянган долларын торгуул хүлээснээрээ UFC-ийн түүхэнд дээд амжилт тогтоожээ.