"Исламын улс" алан хядах бүлэглэлийн шинэ удирдагчаар Амир Мохаммед Саид Абдель Рахман аль-Маул гэгч болжээ. Энэ тухай Даваа гарагт /2020.01.20/ “The Guardian” сонин тусгай албаны эх сурвалжийг дурдан мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр бол Амир Абдель Рахман нь өнгөрсөн оны 10-р сард Идлиб мужид АНУ-ын явуулсан тусгай ажиллагааны үеэр алагдсан "Исламын улс" бүлэглэлийн өмнөх удирдагч Абу Бакр аль-Багдадигийн ойрын хүмүүсийн нэг байжээ. АНУ-ын Төрийн департамент түүнийг Иракийн уугуул, радикал номлогч, аль-Багдадигийн орлогч нарын нэг гэж нэрлэжээ. Амир Абдель Рахманыг болон Аль-Багдадигийн бусад ойр дотны хүмүүсийг барьж авах боломжтой мэдээлэл өгсөн хүнд АНУ-ын эрх баригчид 5 сая долларын шагнал амласан байна. Тус алан хядах бүлэглэлийн одоогийн болоод өмнөх удирдагч хоёулаа Америкийн Ирак дахь Камп Букка лагерьт хоригдож байсан бөгөөд тэнд анх танилцжээ. Амир Абдель Рахман нь “Исламын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг, тус бүлэглэлийн үзэл суртлыг үндэслэгч төдийгүй маш олон алан хядах ажиллагааг төлөвлөхөд оролцсон тухай тус сонинд бичсэн байна. Тухайлбал Иракийн хойд хэсэгт язидичуудыг мөн Ниневийн хөндийд христийн шашинтнуудыг устгах үндсийг Амир Абдель Рахман тавьсан аж. Өмнөх удирдагч Аль-Багдадийг нас барсны дараа “Исламын улс” бүлэглэлийн шинэ удирдагчаар Абу Ибрахим аль-Хашими аль-Курейши гэгч болсныг алан хядагчдын төлөөлөгчид мэдэгдсэн юм. Гэвч “The Guardian” сонины мэдээлж буйгаар энэ нь зөвхөн хуурамч нэр төдий аж. Уг хэвлэлийн олж авсан мэдээллээр Амир Абдель Рахман өмнөх удирдагчийг алагдсанаас хойш хэдхэн цагийн дараа “Исламын Улс” бүлэглэлийн шинэ удирдагчаар томилогдсон байна. Шинэ толгойлогч Туркт холбоотнуудтай бөгөөд түүний дүү нь тэндхийн "Иракийн Туркменчуудын фронт" улс төрийн хөдөлгөөний удирдагч ажээ. Одоо Амир Абдель Рахман Иракийн Мосул орчимд нуугдаж байж магадгүй гэж эх сурвалжууд ярьжээ.