Киргизийн Ерөнхий сайд асан Сапар Исаков өөрийг нь авилгалын хэрэгт буруутгасан шүүх ажиллагаанд оролцохоос татгалзжээ. Энэ тухай РИА Новости агентлаг өнөөдөр /2020.01.20/мэдээлэв. Өнгөрсөн оны 12-р сарын эхээр, Бишкек хотын дүүргийн шүүх Исаковыг тус хотын дулааны цахилгаан станцыг шинэчлэх явцад авилгал авсан хэргээр 15 жилийн хорих ял оноосон юм. Эл шийдвэрийг Ерөнхий сайд асан Исаковын өмгөөлөгч нар дээд шатны шүүх буюу Бишкек хотын шүүхэд давж заалджээ. Давж заалдах шатны шүүх өнөөдөр эхэлсэн байна. Уг шүүхийн ажиллагаанд оролцохгүй болсон шалтгаанаа Исаков тус улсад бүх шатны шүүх “хараат учир” гэж тайлбарлажээ. "Энэ хэргийг улс төрийн зорилготой өдүүлсэн юм. Улс төрийн нөхцөл байдал энэ хэвээрээ байгаа цагт ямар нэгэн зүйл өөрчлөгдөхгүй гэж би бодож байна" гэж Исаков мэдэгджээ. 2017 оны 1-р сард гэнэтийн ер бусын хүйтний үеэр Киргизийн нийслэл Бишкек хотын цорын ганц ДЦС-д осол гарсан аж. Хотын дулааны хангамжийг долоо хоногийн дараа шинэ блокийг ашиглалтад оруулж байж сэргээжээ. ДЦС БНХАУ-ын зээлийн тусламжтайгаар 386 сая долларын өртөгтэйгээр баригдсан бөгөөд ослын дараа шуугиан дэгдсэн аж. ДЦСыг шинэчлэх тухай гэрээ байгуулахдаа авилгал авсан хэргээр хэд хэдэн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн дотор Ерөнхий сайд асан Исаков болон Жанторо Сатыбалдиев нар баривчлагдсан байна. Хожим уг хэрэгт Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг ч буруутгажээ.