Их Британийн вант улсын хунтайж Харри эхнэрийн хамт хатан хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзсан шийдвэр гаргаснаас үүдсэн үр дагаварт гүнээ харамсаж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Энэ тухай Rueters хунтайж Харригийн “Синтейбл” буяны байгууллагын арга хэмжээний үеэр хэлсэн үгийг иш татан уламжлав. “Улсын төсвөөс мөнгө авалгүй Хатан хаан болоод Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл, миний цэргийн холбоо зэрэгт үргэлжлүүлэн зүтгэнэ гэж бид найдаж байсан. Харамсалтай нь энэ нь боломжгүй боллоо. Ийм зүйл болсонд би гүнээ харамсаж байна” гэж Харри мэдэгджээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар хутайж Харри уг мэдэгдлийг хийж байхдаа “сэтгэл дундуур” байсан гэнэ. Өмнө нь буюу 1-р сарын 18-нд Букингемийн ордноос хийсэн мэдэгдэлд хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нар цаашид хатан II Элизабетыг төлөөлөхгүй, бусад ёслолын үүрэг хүлээхгүй мөн хааны “Эрхэм дээдэс” хэргэмийг ашиглах боломжгүй болсныг зарласан юм. Харин Суссексийн гүн болон гүнгийн ахайтан гэсэн хэргэмээ Харри, Меган нар авч үлджээ. Үүнээс гадна хунтайж Харри, Меган хоёр харшаа засахад татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулсан 2,4 сая фунт стерлингийг (3,1 сая доллар) буцааж өгөх бөгөөд цаашид улсаас авах санхүүгийн дэмжлэгээс татгалзаж байгаа аж. Эл шийдвэр ирэх хавраас хэрэгжих юм байна.