Өчигдөр буюу Ням гарагт /2020.01.19/ Берлин хотод болсон уулзалтаар Ливийн сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Ливийн Эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн Фаиз Сараж, Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар нар эвлэрлийг хянах цэргийн комисс байгуулахаар тохирсон байна. Уг хэлэлцээрийн үеэр Фаиз Сараж, Халифа Хафтар нар хоорондоо биечлэн уулзаагүй гэж ANSA агентлаг мэдээлжээ. Тэд тус тусдаа Германы канцлер Ангела Меркелтай уулзсан аж. “Тэдний хоорондын зөрчил асар их байгаа бөгөөд одоогоор хоорондоо ярихгүй байна. Тэд чуулганд оролцоогүй ч Берлинд ирсэн байсан. Тэд өөр өөр танхимд байсан. Бүгдийг баримтлахыг нэг нь нөгөөгөөсөө хүлээж байна” гэж Меркель хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Ливийн сөргөлдөгч талууд Москва хотод гал зогсоох хэлэлцээ хийсэн ч фелдмаршал Хафтар дундаас нь орхиж явсан юм. Тэрбээр өнгөрсөн Баасан гарагт Ливийн газрын тосны зүүн боомтуудыг хаах шийдвэр гаргасан нь тус улсын эдийн засагт хүчтэй нөлөөлөхөөр болоод байгаа аж. Ливийн газрын тосны гарц өдрийн 1.2 сая баррелиас 72,000 баррель болж буурах эрсдэл үүссэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш газрын тосны хоолойг хаасан явдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Уг уулзалтад оролцогчид болох ХБНГ, ОХУ,Турк, Их Британи,Франц, АНУ,Египет зэрэг улсуудын төрийн тэргүүн нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг, Европын Холбооны тэргүүлэгч нар Ливийн дотоод хэрэгт оролцохгүй гэдэг дээр тохиролцжээ. Мөн тэд Ливийн асуудлыг зохицуулахад голлох үүргийг НҮБ гүйцэтгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.