Хар тамхи борлуулдаг гадаад, дотоодын иргэдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт дахин холбогдсон тухай мэдээлэл хэд хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэрбээр дээрх хэргийн нэг холбогдогч гэнэ. Монгол Улсын хилээр хар тамхи оруулж ирэн наймаалагч гадаадын хоёр, манай мөн тооны иргэнийг үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг энэ сарын 14-нд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газраас энэ талаар “Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангуа, Лай Фужун нарт Эрүүгийн хуулийн 20.7-2 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналаа энэ сарын 14-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх уг саналыг хэлэлцээд гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж дүгнэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, Нарангуа, Лай Фужун нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэж мэдээллээ.
Шүүхэд танилцуулсан байдлаас үзвэл БНХАУ-аас хар тамхи оруулж ирж зарсан гэх өвөрлөгч эмэгтэй Нарангуа, хятад иргэн Лай Фужун нараас У.Анхбаяр гэх залуу бараагаа авсан юм байна. У.Анхбаярыг саатуулах үед дэд сайдын охин Б.Буянжаргал хамт байсан бөгөөд шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх үйлдэлд шалгуулж байгаа юм билээ. Энэ үеэр манай хууль сахиулагчид Нигерийн иргэдээс хураасан дайд хүрэхгүй ч, эд мөрийн баримтаар багагүй хэмжээний “мөс” илрүүлсэн гэнэ. Энэ хэргийн холбогдогч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн аж.