ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны улсын татварын албаны дарга Михаил Мишустинийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг Төрийн Думд оруулжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчийг Төрийн Дум өнөөдөр буюу Пурэв гарагт /2020.01.16/ гарагт нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх аж. Үүнээс өмнө М.Мишустин Думын дөрвөн фракц тус бүртэй уулзах юм байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй ОХУ-ын Засгийн газар өчигдөр Ерөнхийлөгч Владимир Путин парламентад илгээсэн үгээндээ тус улсын Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахыг санал болгосны дараахан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. ОХУ-ын төрийн тэргүүн Засгийн газрын гишүүдтэй уулзаж сайд нарын шинэ танхимыг бүрдүүлэх хүртэл үүргээ гүйцэтгэхийг хүсээд, огцорч буй танхимын гишүүн бүртэй ойрын үед уулзана гэдгээ мэдээлжээ. Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийн нэр мөн өдрийн орой нь тодорхой болсон байна. В.Путин Холбооны улсын татварын албаны даргатай уулзах үеэрээ түүнд Засгийн газрыг тэргүүлэхийг санал болгожээ. Тэрбээр өөрийнх нь зөвшөөрлийг лавлаж баталгаажуулсны дараа М.Мишустинийг нэр дэвшигчийн хувиар хэлэлцэхийг Төрийн Думд санал болгосон байна.